Монголын анхны автомашин “MOZO”-г эх орондоо угсарч эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2021-12-25 17:22:14

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Барс Моторс” компани Монголын анхны автомашин “MOZO”-г угсарч эхлээд хоёр жил болж байна. Анх БНХАУ-ын Ханжоу хотын автомашины үйлдвэрт өөрийн угсрах шугамаар автомашинаа үйлдвэрлэж эхэлсэн бол саяхнаас эх орондоо үйлдвэрээ нээлээ. Үйлдвэрийн нээлт энэ сарын 6-нд болсон бол өнөөдөр “Шангри Ла” зочид буудлын газар доорх зогсоолд тестийн буюу турших жолоодлогыг хийж үзүүллээ.

“Барс Моторс” компани өөрийн 10 хувийн хувьцааг 30 тэрбум төгрөгөөр үнэлэн MOZO COIN гаргаж байна. Энэхүү санхүүжилтийг ирэх онд “MOZO” автомашиныг худалдан авах эхний мянган хүний лизинг болон машины эд ангийн нөөцөд зарцуулах талаар компанийн үүсгэн байгуулагч, ерөнхий захирал Д.Дэмбэрэлдорж тодотголоо. Түүнээс “MOZO”-гийн үйлдвэрлэл, угсралтын талаар тодруулав.



-Танайх компаниа зөвхөн автомашин үйлдвэрлэхээр байгуулсан уу? Өөр үйл ажиллагаа явуулдаг уу?

-Манай компани зөвхөн эх орондоо машин үйлдвэрлэхээр анхнаасаа байгуулсан, өөр үйл ажиллагаа явуулдаггүй. Анх 2019 оны 12 дугаар сард БНХАУ-д үйлдвэрийн шугамаа нээж угсарч эхэлсэн. Одоо жилд 2500 суудлын автомашин угсрах хүчин чадалтай үйлдвэрийн эхний шугамыг 22-ын товчооны орчим нээгээд байнаИрэх оны нэгдүгээр сарын 1-нээс албан ёсоор угсарч эхэлнэ. Ковидын хязгаарлалт нөхцөл байдлаас шалтгаалж байсан бол одоо Хятадад байсан бүх тоног төхөөрөмж, үйлдвэрийн шугамаа бүгдийг нь эх орондоо татаж авчраад байна. Нэг ёсондоо одоо БНХАУ-д угсрахгүй, Монголдоо үйлдвэрлэнэ гэсэн үг.




-MOZO” нь монгол инженерүүдийн бүтээл, оролцоо, санаачилга гээд Монголын анхны автомашины онцлогийг юу юугаар тодорхойлох вэ?

-Бидний санал санаачилга, монгол инженерүүдийн оролцоо аль аль нь бий. Бидний гол санаа бол гадагшаа гарч буй валютын урсгалыг эх орондоо үлдээж шингээх зорилгоос эхэлсэн юм. Автомашины импорт нь манайд нефтийн бүтээгдэхүүний дараагаар орох хоёр дахь том валютын урсгал болсоор ирлээ. Энэ нь жилдээ 500-800 сая ам.доллар буюу 20 жилээр тооцоход 10-аад тэрбум ам.доллар, Оюутолгойн 2 ордтой тэнцэх хэмжээний мөнгө болж байгаа юм. Тиймээс яагаад эх орондоо Монголынхоо автомашиныг хийж угсарч болохгүй гэсэн бодлоос үүдэлтэй үйлдвэрлэл юм. Автомашины үйлдвэрлэл нь валютын урсгалыг үлдээхээс гадна ажлын байрыг олноор бий болгох зэргээр эдийн засаг, нийгэмд их хувь нэмэр, ач холбогдолтой юм.




Нөгөө талаар манайхан импортын хуучин машин их унаж байна. Энэ нь аваар ослоос эхлээд утаа тортог зэргээр амьдралын чанарт их нөлөөлж ирлээ. Тиймээс бид зөв талдаа жолоотой, тэг гүйлттэй, шинэ машиныг монголчууддаа санал болгож байна. Олон монгол хүн амьдралдаа шинэ автомашин авах боломжийг бий болгож байна. Энэ нь нөгөө талаар бид өөрсдөдөө, эх орондоо оруулж буй нэг ёсны хөрөнгө оруулалт, том бүтээгдэхүүн юм.




-Нэгэнтээ үйлдвэрлэл эхэллээ, экспортод гаргах уу?

-Тийм ээ, импортыг орлохоос гадна экспортын нэг эх үүсвэр болох боломжтой. Манай машиныг ОХУ-ын зах зээл их сонирхож байгаа. Ер нь, төв Ази, ОХУ болон зүүн Европын орнуудад гаргах бүрэн боломжтой. ОХУ манайхыг хамгийн ойр гэдгээр Хабаровск болон Өвөрбайгалийн бүсийн хэрэглэгчид манай машиныг зөв талдаа рультэй, цаг агаарын хувьд хүйтний нөхцөлд тохирсон гэдгээр нь их сонирхож байгаа.


-Машиныхаа үзүүлэлтийн талаар тодруулна уу?

-Түлш бага зарцуулдаг, 1.5 тонн жинтэй, дунд ангиллын, хөдөө гадаагүй явах зориулалттай, Монголын нөхцөлд тохирсон жийп юм. Хоёр жил туршлаа. Шилний үйлдвэр, металл тоноглолууд, дотор интерьер, цахилгаан хөдөлгүүр дээр монголчууд ажиллаж эхэлсэн. IT-ийн монгол инженерүүд янз бүрийн үйлдлийн апплакейшн суулгах зэргээр оролцоно. Бүгдийг нь Монголоос кластераар нийлүүлнэ. Өнөөдөр үндэсний үйлдвэрлэл бүгд подвальд байна. Үүнийг гаргаж ирэх бас нэг зорилготой юм. Нэг ёсондоо MOZO” нь монголчуудыг нэгтгэх үйлдвэрлэлийн төсөл юм. Эцэст нь үндэсний үйлдвэрлэлдээ хөрөнгө оруулж, үндэснийхээ автомашиныг унаарай гэж хэлэх байна гэв.




Ташрамд мэдээлэхэд, MOZO” нь блокчейн технологи дээр суурилсан Монголын анхны ухаалаг автомашин болох юм.  Уг машины эд ангийн үйлдвэр, тээвэр, угсрах үйлдвэр, худалдаа, машин эзэмшигч, автомашины бүртгэл нь хоорондоо цахимаар холбогдож мэдээллийн нэг сан бүрдүүлнэ. Тодруулбал, автомашин үйлдвэрлэлийн блокчейн гэдэг нь үйлдвэрлэлд оролцож буй нийлүүлэгч, угсралт, дилерүүд зэрэг бүх оролцогчийг технологи, эд ангиудын талаарх мэдээллээр хангаж, нэгдсэн мэдээллийн сантай болж, ингэснээр олон серверт тархаан байршуулах аж. Олон төхөөрөмж нэгэн зэрэг бүртгэж явуулснаар шаардлагатай технологи, эд ангиудын мэдээллийг хөндлөнгийн хэн нэгэн өөрчлөх, солих боломжгүй гэсэн үг.

Монголын анхны автомашины нэр “МОЗО” (MOZO) гэдэг Монголын Оюунлаг Зон олон гэсэн утгатай аж. 



Холбоотой мэдээ