ОНЫ ТОЙМ: Оюу Толгой төслөөс өгөөж хүртэх хугацааг наашлуулж, өрийг тэглэв

ТОЙМ
uranatuya@gmail.com
2021-12-31 15:24:44

Улаанбаатар /МОНЦАМЭ/.

Монгол Улсын хувьд 2021 он бол Оюутолгой төслийн өгөөжийг хүртэх хугацаа наашилж, өр төлбөрт ороод байсан асуудлыг шийдсэн чухал он болж өнгөрч байна. Дэлхийн хамгийн том, хамгийн өндөр чанартай зэсийн ордын нэг зэс, алтны Оюутолгой төслөөс монголчууд ашиг хүртэх нь бүү хэл Монгол Улсын Засгийн газрын эзэмшлийн 34 хувьд ногдох нийтдээ 2.3 тэрбум ам.долларын өртэй болчихоод байлаа. Харин 2021 оны 12 дугаар сарын 13-нд “Рио Тинто”, “Туркойз Хилл” компаниас “Оюу толгой” төслөөс Монгол Улсын хүртэх үр өгөөжийг нэмэх 5 санал бүхий албан бичгийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хаяглан ирүүлэв. Монголын талд ашигтай энэхүү таван саналыг Рио Тинто-гоос ирүүлснээр  сүүлийн 12 жилийн турш шийдэж чадаагүй байсан асуудалд нааштай том алхам болов. Өр тэглэснээр 22 тэрбум ам.долларын өрнөөс Эрдэнэс Оюу Толгой ХХК ангижирч байна. 




Албан захидалд,

  1. Оюу Толгой төслийн Монгол Улсын Засгийн Газрын эзэмшлийн 34 хувьд ногдох нийт 2.3 тэрбум ам.долларын өрийг 100 хувь тэглэх. Ингэснээр өмнө нь тооцоолж байсан 22 тэрбум ам.долларын өр үүсэхгүй, улмаар “Эрдэнэс Оюу Толгой” ХХК-ийн 34 хувь эзэмшлийн үнэ цэн нэмэгдэж, ногдол ашиг авах хугацаа наашлах; 
  2. ДУББСТ болон “Оюу Толгойн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн нэмэлт төлөвлөгөө”-г цуцалж дуусгавар болгох; 
  3. Оюу Толгойн далд уурхайн бүтээн байгуулалтын төслийн санхүүжилтэд хөндлөнгийн аудит оруулахыг зөвшөөрөх; 
  4. Гүний уурхай ашиглалтад орж олборлолт эхлэх хугацаа буюу 2023 оны эхний хагас хүртэлх нэмэлт зардлыг хөрөнгө оруулагч тал 100 хувь хариуцаж "Эрдэнэс Оюу Толгой"      ХХК-д нэмэлт өр үүсгэхгүй байх; 
  5. “Оюу Толгой” ХХК-ийн засаглалыг сайжруулах байдлаар гүний уурхайн төслийн хяналтыг сайжруулах арга хэмжээ авч холбогдох зардлыг харилцан тохиролцсон нөхцөлийн дагуу “Оюу Толгой” ХХК төлөх; Монгол Улсын эрчим хүчний нэгдсэн сүлжээнээс Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ байгуулах; төслийн байгаль орчин, нийгэм, засаглалыг сайжруулах чиглэлээр хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлсэн юм.

 

Мөн түүнчлэн хоёр талаас үүсгээд буй арбитрын маргааныг зургаан сараар хойшлуулж, эвийн журмаар шийдвэрлэх санал тавьсан байна. Оюутолгойн далд уурхайн үйлдвэрлэл эхэлснээр Монгол Улсын ДНБ-ий 30 хувийг дангаар бүрдүүлнэ гэсэн асар өндөр хүлээлттэй байсан монголчууд ашиг хүртэхгүйгээр зогсохгүй асар их өртэй үлдэх байсан нь ийнхүү Монгол Улсын Засгийн Газрын хүчин чармайлтын дүнд эерэгээр шийдэгдэв. Хөрөнгө оруулагч талтай үл ойлголцох, маргаантай асуудлыг сунжруулан удаавал дэлхийд данстай том төслийг нурааж үгүй хийх вий гэсэн болгоомжлол гадаад дотоодын ажиглагчдад байсан юм.


Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээ 2009 онд байгуулагдаж, 2010 онд ТЭЗҮ гарч байсан. 2016 онд ТЭЗҮ-ийг дахин шинэчилж, Далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө хэмээх баримт бичигт гарын үсэг зурсан юм. Оюу толгой төслийн ТЭЗҮ-ийг 2020 онд дахин тодотгож шинэчилсэн бөгөөд санхүүгийн нарийвчилсан тооцооллоос үзэхэд Монгол Улс 2051 он хүртэл ногдол ашиг авахгүйгээр зогсохгүй 22 тэрбум ам.долларын өртэй үлдэхээр байгааг гүний уурхайн ордын үйлдвэрлэлийн нөөцөд тулгуурлан гаргасан байсан билээ. 

Ингээд “Рио Тинто”, “Туркойз Хилл” компаниас “Оюу толгой” төслийн талаар Монгол Улсад тавьж буй саналыг хүлээн авч, УИХ-аар хэлэлцүүлэн УИХ-ын чуулганы 2021 оны 12 дугаар сарын 30-ны нэгдсэн хуралдаанаар, “Оюу толгой ордоос Монгол Улсын хүртэх ашгийг нэмэгдүүлэх арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг батлав.


Тогтоолын төсөл батлагдсанаар 2015 оны 05 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан “Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө” болон “Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн нэмэлт төлөвлөгөөг хуульд нийцүүлэн цуцалж, хүчингүй болгох, Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалтын төслийн санхүүжилтэд хөндлөнгийн аудит цаашид хийгдэх боллоо.


Энэ хүрээнд Оюу толгой ХХК-ийн засаглалыг сайжруулах, Монгол Улсын эрчим хүчний нэгдсэн сүлжээнээс Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ байгуулах, ус ашиглалт, байгаль орчин, нийгэм, засаглалыг сайжруулах чиглэлээр хамтран ажиллах, татварын актуудын биелэлтийг хангуулах, цаашид нэг мөр ойлгож хэрэгжүүлэх ажлууд хийгдэх ач холбогдолтой юм. “Рио Тинто”, “Туркойз Хилл” компаниудын зүгээс далд уурхай ашиглалтад орж эхлүүлэх хугацаанд шаардлагатай нэмэлт зардлыг гадаадын хөрөнгө оруулагч 100 хувь хариуцахаар төлөвлөж, Оюу толгой ХХК-д цаашид нэмэлт өр үүсгэхгүй байхаар төлөвлөснөө танилцуулсан.  Оюутолгойн ордын төслийг өөрийн талд ашигтай байлгах, өмнө гарсан алдааг засаж залруулахад Монгол Улсын Засгийн Газар, энэ асуудлыг хариуцаж ажилласан ажлын хэсгийнхний үүрэг оролцоо хүчин чармайлт өндөр үүрэг гүйцэтгэсэн. Ямартаа ч олон жилийн турш шийдэж чадаагүй байсан маргаан 2021 онд монголчуудын талд ийнхүү шийдэгдэв. 



Холбоотой мэдээ