Баянзүрх дүүрэгт 100 хүүхдийн цэцэрлэг үүдээ нээв

Монголын мэдээ | Боловсрол
bolor@montsame.mn
2022-01-11 16:26:02

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Баянзүрх дүүрэгт 2-5 насны 35.6 мянган хүүхэд амьдарч байна. Тус дүүрэгт төрийн өмчийн 45, төрийн бус өмчийн 145 цэцэрлэг үйл ажиллагаа явуулж, цэцэрлэгийн насны нийт хүүхдийн 79 хувь нь хамрагдаж байна.

 

Нийслэлийн 171 хорооноос 18 нь хорооныхоо нутаг дэвсгэрт цэцэрлэггүй гэсэн судалгаа бий. Тэгвэл БШУЯ, НҮБ-ын Хүүхдийн сан, Баянзүрх дүүргийн ЗДТГ хамтран 17 дугаар хороонд 100 хүүхдийн хүчин чадалтай цэцэрлэгийг барьж ашиглалтад орууллаа.

Энэхүү цэцэрлэг бага насны хүүхдийн цогц хөгжлийг дэмжсэн загвар цэцэрлэг бөгөөд барилга нь дотоод орчны агаарын чанар, аюулгүй байдлыг хангасан хүүхдэд ээлтэй орчныг бүрдүүлж байгаагаараа онцлогтой. Цэцэрлэгийн халаалтыг цахилгаанаар шийджээ.

 

НҮБ-ын Хүүхдийн сангаас БШУЯ-тай хамтран 2018 оноос Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны Бага насны хүүхдийн хөгжлийн стратегийг боловсруулан туршиж 2019 онд дүүргийн хэмжээний стратеги болгон өргөжүүлсэн. Үүний үр дүнд бага насны хүүхдийн хөгжилд эрүүл мэнд, хоол тэжээл, боловсрол, асаргаа халамж, хамгааллын ач холбогдлын тухай эцэг эхчүүдийн ойлголт нэмэгдсэн юм.

 

Холбоотой мэдээ