Мандал суманд сүүлийн 10 хоногт 212 тохиолдол бүртгэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2022-01-11 22:10:54

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Мандал суманд сүүлийн 10 хоногийн хугацаанд коронавирусний 212 тохиолдол батлагджээ. Эдгээрээс 40 хүн хэвтэн эмчлүүлж, 11 хүн Улаанбаатар хотын ХӨСҮТ-рүү шилжсэн байна. Дээрх иргэдийн гурав нь хүүхэд, хоёр нь жирэмсэн эх байгаа ажээ. Энэхүү байдалтай уялдуулан тус сумын Онцгой комисс хуралдаж дараах шийдвэрийг гаргажээ.  

Мандал сумын Засаг дарга бөгөөд сумын Онцгой комиссын дарга Б.Ганболд: “Цар тахлын дэглэм барьсан, нэлээд хөрөнгө мөнгө шаардсан ийм цаг үе бидний өмнө тулгараад байна. Манай сумын иргэдийн тухайд 92 хувь нь 1-р тунд, 89 хувь нь 2-р тунд, 250 хүн 3-р тунд хамрагдсан байна. Он гарсаар өдөртөө 30-40 тохиолдол батлагдаж, сүүлийн 10 хоногт 212 гарч байгаа нь маш өндөр тоо. Иймээс тус сумын Онцгой комисс өнөөдөр яаралтай хуралдаж 01 тоот тогтоол гаргалаа. Мөн аймгийн төв Сүхбаатар суманд коронавирусний халдвар идэвхжсэн учраас аймгийн Онцгой комиссоос тодорхой үүрэг чиглэлийг бидэнд өгсөн. Энэ чиглэлийн дагуу хэд хэдэн арга хэмжээг авч ажиллахаар болжээ. Үүнд:

-Халдвар хамгааллын дэглэмийг маш сайн ханган ажиллах,

-Халдварын давлагаа эхэлж буйтай холбогдуулан Мандал сумын иргэдийг 3-р тунд хамруулах, мөн 4-р тунд хамрагдахыг ААНБ-ын дарга нарт үүрэг болголоо. Түүнчлэн багийн Засаг дарга нар, сургууль, цэцэрлэгийн эрхлэгч, байгууллагын удирдлагуудыг дархлаажуулалтдаа идэвхитэй хамрагдахыг хүсье. Түүнчлэн аймгийн хэмжээнд 5-аас дээш хүн цуглаж уралдаан тэмцээн, урлаг соёлын үйл ажиллагаа зохион байгуулахыг 2-р сарын 5-ны өдөр хүртэл хойшлууллаа.

Улсын Онцгой комиссоос 50 хувийн дүүргэлттэй дээрх үйл ажиллагааг явуулж болохыг 11-р сарын 1-ний өдрөөс зөвшөөрсөн байсан. Мандал суманд гарсан дээрх тохиолдлын 68 нь төрийн албан хаагчид байгаа. Мөн 1-р сарын 20 хүртэл одоо ажиллаж байгаа хүмүүсийн 50 хувь нь цахимаар, 50 хувь нь өрөөндөө ажлаа гүйцэтгэхээр болжээ. Нийт байгууллагын ажлын цагийг богиносгосон цагт шилжүүлж байна. Мөн сумын тухайд хуучин төмөр замын эмнэлгээ ковидын тасаг болгон дэлгэх, цаашид шаардлагатай тохиолдолд сувилал, буудлуудыг Хэрх, Түнхэл тосгоны ЭМТ-үүдийг ковидын тасаг болгон ажиллуулахад бэлтгэх ажлыг зохион байгуулж байна” хэмээн ярилаа.

Мандал сумын тухайд 27 мянган хүн амтай, Сэлэнгэ аймгийн хамгийн олон хүн амтай, том сум гэдгээрээ онцлогтой юм.  

 

Холбоотой мэдээ