МАХН-ын долдугаар үүрийн туг
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
Дорнод /МОНЦАМЭ/. 2021 онд Ардын хувьсгалын 100 жил, Дорнод аймаг байгуулагдсаны 90 жилийн ой тохиосон билээ. МАХН-ын 7 дугаар үүрийн туг, тамга Намын хоёрдугаар товчлох хороог Баянтүмэн хан уулын хошуунд 1925 оны 11 дүгээр сарын 26-нд байгуулж байжээ. Тус хорооны харьяа 7 дугаар үүрийг Баянтүмэн хан уулын хошууны тамгын газрын дэргэд /Ачит вангийн хошуу/ 1922 оны 3 дугаар сард байгуулжээ. Энэхүү үүр нь одоогийн Дорнод аймгийн төв Чойбалсан хотын намын байгууллагын үүсэл юм.
Дорнод аймгийн музейн сан хөмрөгт байх энэхүү тугийг улаан
өнгийн даавуугаар хийсэн ба гол хэсэгтээ шар таван хошуутай, хоёр захаар нь
монгол бичгээр МАХН-ын 7-р үүрийн туг гэж бичсэн. Өргөн: 94см, Өндөр: 116см.
Тамга нь дөрвөлжин хэлбэртэй, дардасны гол хэсэгт таван
хошуу, түүний хажуу талд МАХН-ын 7-р үүр гэж монгол бичгээр сийлсэн гадна
талааараа 6 тал бүхий гуулин хайрцагтай, таг нь жинс хэлбэрийн бариултай.