Дэлхий даяар нэг өдөрт халдварын хамгийн олон тохиолдол илэрснийг ДЭМБ мэдээлэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Jargal.d@montsame.mn
2022-01-13 11:31:19

ЖЕНЕВ. /RT/. Дэлхий даяар 24 цагийн дотор илэрсэн ковидын тохиолдлын тоо анх удаа 3 саяас давлаа гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ лхагва гаргийн орой мэдээлжээ.


Тус байгууллагын мэдээллээр, нэгдүгээр сарын 12-ны байдлаар дэлхий даяар халдвар авсан хүний тоо 312 173 462-т хүрч, 5 501 000 хүн халварын улмаас нас баржээ. Шинээр батлагдсан халдварын тохиолдлын тоо нэг өдрийн дотор 3 395 785-аар, нас барсан тохиолдлын тоо 7 735-аар нэмэгдсэн байна.


Өмнөх дээд үзүүлэлт нэгдүгээр сарын 6-нд бүртгэгдсэн бөгөөд 24 цагийн дотор 2 618 130 хүн халдвар авчээ.


ДЭМБ статистик мэдээллээ гаргахдаа халдвар авсан болон нас барсан хүмүүсийн талаарх улс орнуудын өгч байгаа зөвхөн албан ёсоор батлагдсан мэдээлэлд үндэслэдэг. Дэлхий даяар халдвар авсан хүний тоо нэгдүгээр сарын 12-нд 310 саяыг давсан бол нэгдүгээр сарын 8-нд 300 сая, 11 дүгээр сарын 9-нд 250 сая, наймдугаар сарын 5-нд 200 саяыг давсан байна.


Нэгдүгээр сарын 12-нд халдварын хамгийн олон буюу 61 332 277 тохиолдол АНУ-д илэрчээ. Тус улсын араас Энэтхэг (36 070 510), Бразил (22 558 695), Их Британи (14 732 598) болон Франц улс (12 246 358) орж байна. Нас баралтын тохиолдлын тоогоор АНУ (833 519) нэгдүгээрт, хоёрдугаарт Бразил (620 091), гуравдугаарт Энэтхэг (484 655) оржээ. Эдгээр улсын араас ОХУ (318 432), Мексик (300 573) орж байна.


Холбоотой мэдээ