Умардын гипер пуужингууд олон улсыг түгшээх шалтгаан

ТОЙМ
adiyakhuu@montsame.mn
2022-01-13 15:50:21

Дуунаас хэт хурдан пуужингийн гуравдахь удаагийн туршилтыг амжилттай хийсэн тухайгаа Умард Солонгосын эрх баригчид зарлан мэдэгдлээ. Тус улсын төрийн мэдлийн КСNА агентлагийн мэдээлснээр, уг пуужин 1000 км-ийн зайд байрлуулсан байг оновчтой устгасан байна. Пуужин турших явцыг тус улсын удирдагч Ким Жөн Ун өөрийн биеэр хүрэлцэн ирж ажиглажээ. 


БНАСАУ дуунаас хэт хурдан /гипер/ пуужингийн туршилт хийсэн тухай мэдээлэл 2021 оны 9 дүгээр сард анх цацагдаж байв. Улмаар шинэ он дөнгөж гарангуут 5-ны өдөр хоёрдахь туршилтыг хийсэн ба KCNA-гийн мэдээлснээр, гипер пуужин 700 км-ийн зайд байсан байг онож устгажээ. Харин Өмнөд Солонгосын цэргийн шинжээчдийн дүгнэснээр, энэ нь хэтрүүлэгтэй мэдээлэл бөгөөд уг пуужин дээрхээс хавьгүй богино зайг туулж, маневрлах чадвар нь төдийлөн сайн байгаагүй ажээ.


Харин энэ удаагийн 3 дахь туршилтын явцад Умардын пуужин 10 Мах /дууны хурдаас 10 дахин илүү/ хурдтай нисэж, 1000 км замыг туулсан ба маневрлах чадвар нь өмнөх пуужингийнхаас илт давуу байсныг Өмнөдийн цэргийнхэн хүлээн зөвшөөрлөө.


Умард Солонгосын удирдагч хоёрдахь туршилтыг үзэж сонирхоогүй бол 3 дахь пуужинг хөөргөх явцыг өөрийн биеэр очиж ажигласан нь шинжээчдийн анхаарлыг татжээ.  


Дэлхийн хамтын нийгэмлэг түгшиж буйн учир


Умардынхан гипер пуужингийн туршилтуудыг ойр ойрхон хийж байгаа нь Ким Жөн Ун шинэ жилийн мэндчилгээндээ “улс орныхоо батлан хамгаалах хүч чадлыг бэхжүүлнэ” гэж амласантай холбоотой хэмээн ажиглагчид үзэж байна.  


Умард Солонгосын тал өнгөрсөн долоо хоногт гипер пуужин туршсаныг буруушаасан мэдэгдлийг АНУ тэргүүтэй хэд хэдэн улс гаргаснаас хойш 6-хан хоногийн дараа ийнхүү 3 дахь туршилтыг хийсэн нь анхаарал татлаа. КСNA агентлагийн мэдээнд дурдсанаар, сүүлчийн туршилтын явцад гипер пуужингийн маневрлах чадвар нь маш өндөр түвшинд байсан нь батлагджээ. 

Ташрамд тодруулахад, баллистик пуужингуудийн парабол хэлбэрийн нисэх чиглэлийг урьдчилан тооцоолсноор тэдгээрийг амдан сөнөөх боломжтой байдаг бол гипер пуужин нь газрын гадаргууд ойрхон, нам өндөрт нисэж, чиглэл ба өндрөө огцом өөрчилж, байг богино хугацаанд устгадаг тул маш аюултай зэвсэг юм. Ийм пуужин дунджаар 6200 км/цаг буюу дууны хурдаас 5 дахин илүү хурдтай нисдэг тул түүний нисэх чиглэлийг тодорхойлох, амдан сөнөөх нь маш төвөгтэй.   Түүнээс гадна, тухайн гипер пуужин ямар цэнэгт хошуу /ердийн эсвэл цөмийн/ тээж явааг тодорхойлох боломжгүй учраас бүр ч аюултай.


Одоогийн байдлаар гипер зэвсгийн туршилтыг идэвхтэй хийж буй улсууд бол АНУ, ОХУ хоёр юм. Харин Умард Солонгосын тал НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн тогтоолуудыг зөрчин ийм төрлийн зэвсгийг туршиж байгаа бөгөөд үүнийгээ тайлбарлахдаа “манай улс стратегийн цэргийн хүчээ тоо болон чанарын хувьд бэхжүүлэх зайлшгүй шаардлага бий” гэж мэдэгддэг.  Үүний зэрэгцээ “хэрвээ АНУ ба түүний холбоотнууд манай улсын ойролцоо цэргийн сургуулилалт хийхээ зогсоож, хоригуудаа цуцлах аваас дипломат яриа хэлэлцээ хийхэд бэлэн байгаа"-гаа илэрхийлсээр ирэв.


Харин АНУ-ын тухайд, Төрийн нарийн бичгийн даргын орлогч Виктория Нуланд мэдэгдэхдээ “гипер пуужин хөөргөн туршсан нь бүс нутгийн байдлыг тогтворгүй болгох аюултай үйлдэл гэлээ.  “Энэ нь биднийг буруу зүг рүү залж байна. Умард Солонгостой яриа хэлэлцээ хийхэд бэлэн гэдгээ АНУ-ын шинэ засаг захиргаа байнга мэдэгдэж байгаа. Коронавирустэй тэмцэх, хүмүүнлэгийн тусламж үзүүлэх тухай асуудлуудыг хэлэлцэхэд бид бэлэн байна. Гэтэл Пхеньян пуужин хөөргөн туршлаа” гэж тэрбээр мэдэгджээ. Түүнчлэн Европын Холбоо мэдэгдэл гаргаж, пуужин туршсан нь олон улсын энх тайван, аюулгүй байдалд заналхийлж байна гэдгийг дурдаад, яриа хэлэлцээ хийхийг Пхеньянд хандан уриаллаа.


Гипер пуужин туршихад Ким Жөн Ун байлцсаны учир  


Үйл явдлыг анхааралтай ажиглаж буй шинжээчдийн ярьснаар, Умардын удирдагч 2020 оны 3 дугаар сараас хойш анх удаагаа зэвсгийн туршилтыг ажиглахаар өөрийн биеэр хүрэлцэн ирсэн нь ихээхэн утга учиртай. Ингэхдээ пуужин хөөргөх явцыг ажиглаж буй Ким Жөн Уны гэрэл зургийг Умард Солонгосын эрх баригч намын "Нодон синмун" сонины тэргүүн нүүрт байрлуулсан нь бүр ч илүү анхаарал татаж байгаа юм.  


“Тэрбээр 2020 оны 3 дугаар сараас хойш хийсэн пуужингийн туршилтуудыг албан бус байдлаар сонирхсон байж магадгүй. Харин энэ удаад сонины тэргүүн нүүрэнд гэрэл зургийг нь нийтэлсэн явдал бол шинэ технологийн туршилтуудтай нэр нь шууд холбогдохоос Ким Жөн Ун санаа зовохгүй байгааг харууллаа. Өөрийнх нь үйлдлийг АНУ хэрхэн дүгнэж байгаа нь түүнд огтхон ч хамаагүй бололтой” гэж Korea Risk Group судалгааны байгууллагын гүйцэтгэх захирал Чад О'Кэрролл дүгнэжээ.   


Туршилтыг яг өдийд хийсний учир юу вэ?


Умард Солонгос хоёр ч удаа гипер пуужингийн туршилт хийж шинэ оныг угтлаа. НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн хуралдааны үеэр АНУ ба түүний холбоотнууд өнгөрсөн долоо хоногт хийсэн туршилтыг нь буруушаасан бол үүнд хариу үйлдэл үзүүлэх маягаар 3 дахь туршилтыг хийсэн гэдгийг Япон дахь ВВС агентлагийн сэтгүүлч Руперт Уингфилд-Хайс дурдлаа.


Үүний сацуу уг туршилт өөр бусад зорилгуудыг агуулж байж магадгүй.  Тухайлбал, цар тахлын үед улам хүндэрсээр буй эдийн засгийн ноцтой асуудлуудаас олон нийтийн анхаарлыг өөр зүгт чиглүүлэн сарниулах. Коронавирусний халдвар дэгдсэнээр хил хаагдаж, хүнсний хомсдол үүссэн нь Умардын эдийн засагт ноцтойгоор нөлөөлсөн билээ. Өнгөрсөн оны сүүлчээр болсон эрх баригч намын хурлын үеэр Ким үг хэлэхдээ “үхэх сэхэхээ үзэх тэмцэл өрнөж байна, энэ оны гол зорилт бол хөгжлийг хурдасгаж, ард иргэдийн амьдралын түвшнийг дээшлүүлэх явдал мөн” гэж байв. НҮБ-аас өмнө нь анхааруулснаар, Умард Солонгосын хүүхэд, хөгшид өлсгөлөнгийн улмаас амиа алдах эрсдэл бий болжээ. 


Гипер пуужин туршсан өөр нэгэн зорилго бол, Пхеньянтай яриа хэлэлцээгээ сэргээх асуудлыг үл тоомсорлож буй Вашингтоны анхаарлыг татах гэсэн оролдлого байж болох юм.  2019 онд Д.Трамп, Ким Жөн Ун нарын уулзалт үр дүнгүй болсноос хойш яриа хэлэлцээ үндсэндээ зогсоод байгаа билээ. Цөмийн зэвсгээсээ татгалзахыг АНУ-ын зүгээс Умард Солонгост уриалсаар байгаа бөгөөд Пхеньян ба Жо Байдены засаг захиргааны хоорондын харилцаа ээдрээтэй хэвээр байна.

Эцэст нь, төдийлөн анзаарч ярьдаггүй гуравдагч зорилго шалтгааныг дурдая. Ажиглагчдын үзэж байгаагаар, Умард Солонгос, Өмнөд Солонгос хоёрын аль аль нь зэвсэглэлээр хөөцөлдөх ширүүн өрсөлдөөнд гүнзгий татагдан оржээ.


Илүү ончтой бөгөөд овор хэмжээ багатай, илүү хөнөөлтэй пуужингийн системүүдийг зохион бүтээж, боловсронгуй болгох тал дээр хоёр Солонгос хоёулаа идэвхтэй ажиллаж байна. Тухайлбал, Өмнөд Солонгос өнгөрсөн оны сүүлчээр шумбагч хөлөг онгоцноос баллистик пуужин харвах туршилтыг анх удаа хийсэн бөгөөд энэ нь Умардын зүгээс үйлдэж болзошгүй өдөөн хатгалгуудыг тогтоон барихад чиглэсэн гэж мэдэгджээ.


Б.Адъяахүү

Эх сурвалж: ВВС  

 

Холбоотой мэдээ