Хайрхандулаан сумын нутагт авто осол гарч, гурван хүн амиа алджээ

ОРОН НУТАГТ | Өвөрхангай
batchimeg@montsame.mn
2022-01-18 15:03:11

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Он гарсаар зам тээврийн осол гэмтэл багагүй гарч, иргэд амиараа хохирч байна. 

Хайрхандулаан сумын Бурхант багийн “Гарьд” гэдэг газар хоёр автомашин мөргөлдөж, гурван иргэн нас барсан осол өнгөрөгч амралтын өдөр гарлаа. Баян-Өлгий аймгаас Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан иргэн Т-ийн “Сай” загварын суудлын автомашин /5 зорчигчтой/, Улаанбаатар хотоос Баянхонгор аймгийн чиглэлд зорчиж явсан иргэн Э-ийн “Приус-20” загварын суудлын автомашинтай /3 зорчигчтой/ мөргөлдсөн байна.

Аймгийн Онцгой байдлын газраас дуудлагын дагуу очиж, автомашины эд ангид хавчуулагдан гэмтсэн таван иргэнийг эсэн мэнд гарган Нарийнтээл сумын эмнэлэгт хүргэсэн боловч Баянхонгор аймгийн харьяат, 6 настай, эмэгтэй А, Баян-Өлгий аймгийн харьяат, 26 настай, эрэгтэй Т, мөн нэр, хаяг тодорхойгүй, цогцсыг таних боломжгүй нэг зорчигч нас барсан тул цагдаагийн байгууллагад шилжүүлсэн байна.

Мөн энэ сарын 10-ны өдөр Төв аймгийн Лүн сумын “Цагаан хөтөл” гэдэг газар Өвөрхангай аймгаас Улаанбаатар хотын чиглэлд гурван зорчигчтой зорчиж явсан иргэн С-ын “Санта Пе” загварын суудлын автомашин, Улаанбаатар хотоос Баянхонгор аймгийн чиглэлд 16 зорчигчтой явсан “Юниверс” загварын 45 хүний суудалтай хот хоорондын зорчигч тээврийн автобустай мөргөлдөж, Арвайхээр сумын харьяат иргэн С /35 настай, эрэгтэй/ автомашины төмөр эд ангид хавчуулагдан нас барсан.

Иймд холын замд иргэдийг анхаарал болгоомжтой зорчиж, хурдаа тохируулан, архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолоо барихгүй, аюулгүй байдлаа хангаж явахыг зөвлөж байна.

Холбоотой мэдээ