Бээжинд коронавирусний омикрон хувилбар илэрчээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
БЭЭЖИН. /New York Times/. Өвлийн Олимпын наадам болох БНХАУ-ын нийслэл Бээжин хотод коронавирусний омикрон хувилбарын анхны тохиолдол бүртгэгдсэн талаар албаныхан мэдээллээ.
Тус хотод өвлийн Олимпын наадам удахгүй болох гэж байгаатай холбогдуулан албаныхан яаралтай арга хэмжээ авч халдвар гарсан хороолол, гудамжинд хатуу хөл хорио тогтоон шинжилгээ авах ажлыг өргөн хүрээтэй эхлүүлэн ажиллаж байна.
Эрх баригчдын мэдээлж буйгаар, халдвар авсан хүний амьдардаг хороолол, ажлын байр зэрэг газарт хатуу хөл хорио тогтоож, битүүмжилжээ. Мөн дээрх хоёр газартай холбоотой 2430 иргэнээс шинжилгээ авсан байна.
Бээжин хот өвлийн Олимпын наадамд оролцох тамирчид, албаны хүмүүс, сэтгүүлчид зэрэг хэдэн мянган хүнийг хүлээж авахаар бэлтгэлээ базааж байгаа бөгөөд наадам 2 дугаар сарын 4-ний өдөр эхлэх юм.
Омикрон хувилбарын тохиолдол бүртгэгдэхээс өмнө Бээжин хот халдвар хамгааллын дэглэмийг өндөржүүлж, маш хатуу бодлого баримталж байсан ч ийнхүү халдварын тохиолдол гарлаа.
Одоогийн байдлаар Гуандун тэргүүтэй таван муж, Шанхай хотод дотоодын омикрон хувилбар гараад байна.