Шүүхийн ерөнхий зөвлөл, сахилгын хорооны дарга, гишүүний цалингийн хэмжээг тогтоов
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар, “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” болон “Цалин, нэмэгдлийн хэмжээ тогтоох тухай” тогтоол баталлаа.
Тогтоолын төсөлд, Шүүхийн ерөнхий зөвлөл болон Шүүхийн сахилгын хорооны даргын цалинг 3.2 сая төгрөг, шүүгч бус гишүүдийн цалинг 3 сая төгрөг байхаар тусгасан байна.
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнгөрсөн сарын 28 болон өнөөдрийн хуралдаанаар хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг явуулсан бөгөөд Байнгын хороо төслийг батлуулахыг дэмжсэн талаарх санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Энхбаяр танилцуулав.
Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн С.Чинзориг, Ш.Адьшаа асуулт асууж хариулт авсан. Тухайлбал, УИХ-ын гишүүн С.Чинзориг "Цалин тогтоох асуудал нь дарга гишүүний цалин шүүгч нарынхтай ижил хэмжээгээр тогтоож байгаа гэж ойлгосон үнэн үү. ШЕЗ-ийн ажлын алба сахилгын хорооны ажлын албаны цалинг хаанаас хэн тогтоох вэ" гэж асуулаа.
Байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсны дагуу Шүүхийн тухай хуулийг баталж, ШЕЗ, ШСХ-г байгуулсныг дурдаад, шүүх хараат бус ажиллах нөхцөл боломж бүрдсэн гэв. Шүүгч гишүүдийг дээд шүүх, давах, анхан шатны шүүхээс сонгоно. Шүүгч бус гишүүдийг УИХ нээлттэй сонгон шалгаруулж сонсгол хийснээр томилж байгаа. Эдгээр хүнд Улсын дээд шүүхийн ажил, албатай ижил чиг үүрэгтэй тул цалин нь адилхан байх зарчмыг баримталсан. Ингэхдээ Төрийн албаны зөвлөлөөс санал авсан. ШЕЗ, ШСХ-ноос ирсэн саналаар, төрийн албаны ангилал, зэрэглэлийн итгэлцүүртэй байхаар оруулж ирсэн. Гэхдээ итгэлцүүр нь байнга хөдөлдөг. Тиймээс Үндсэн хуулийн цэц, Улсын дээд шүүхийн шүүгч, АТГ-ын даргын цалинг УИХ-аас мөнгөн дүнгээр тогтоодог жишгийг баримталсан" гэлээ.
Ингээд санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тогтоолын төслийг батлахыг дэмжлээ.