Дээд шүүх МАН-ын шинэчилсэн хөтөлбөр, үндсэн дүрмийн нэмэлт, өөрчлөлтийг бүртгүүлэх асуудлыг хэлэлцэнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМУлаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан энэ сарын 21-нд товлогдлоо.
Тус хуралдаанаар “Ардын чуулган” нам үүсгэн
байгуулсныг бүртгүүлэх, МАН-ын дарга, намын шинэчилсэн хөтөлбөр, үндсэн дүрмийн
нэмэлт, өөрчлөлтийг бүртгүүлэх, Ардчилсан намын үндсэн дүрмийн нэмэлт,
өөрчлөлтийг бүртгүүлэх тухай хүсэлтүүд, Өршөөл үзүүлэх тухай хуулийн зарим
зүйл, хэсгийг тайлбарлах тухай тогтоолын төсөл зэрэг асуудлыг хэлэлцэх аж.
Мөн Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн
хуралдааны дэгд заасны дагуу Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг тоолох
зохицуулалтыг тайлбарлах тухай “хууль тайлбарлах хэрэгцээ, шаардлага, тайлбарын
цар хүрээ, арга зүйг тодорхойлсон” Эрүүгийн хэргийн танхимын саналыг хэлэлцэж,
зөвшөөрөл олгох эсэх асуудлыг хэлэлцэнэ.
Ташрамд дурдахад, МАН-ын 30 дугаар их хурал өнгөрсөн сарын 6-нд болж тус намын даргаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг сонгохыг төлөөлөгчдийн олонх дэмжиж, батламжилсан билээ. Түүнчлэн өнгөрсөн онд “Ардын чуулган” нам бүртгүүлэх хүсэлтээ өгсөн ч Дээд шүүхийн нийт шүүгчид татгалзаж байсан юм.