Г.Амартүвшин: Виртуал хөрөнгийн үйлчилгээг төр бүртгэсэн ч харилцагчид эрсдэлээ хүлээнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2022-01-20 15:58:46
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хорооноос 2021 оны намрын ээлжит чуулганаар батлуулсан хуулийн төслүүдээ танилцууллаа. Энэ үеэр, Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийг УИХ-ын гишүүн Г.Амартүвшин онцолж, танилцуулав. 


Дэлхий дахинд өргөн тархаж буй блокчэйн технологид суурилсан бүтээгдэхүүн, үйлчилгээ Монгол Улсад ч өргөн дэлгэрч ялангуяа сүүлийн саруудад виртуал хөрөнгийн арилжааны платформын тоо ихээр нэмэгдэж байгааг тодотгов. Тодруулбал, койн, токен гаргах нь олширч, олон нийтээс хөрөнгө татахын зэрэгцээ иргэд, олон нийт эдгээрт хөрөнгө оруулах сонирхол нь нэмэгдсээр байгааг мэдээллийн үеэр онцоллоо.


Виртуал хөрөнгийн үйлчилгээ нь технологийн дэвшлийг ашиглаж, бага зардалтайгаар санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх давуу талтай ч койн, токен арилжих явц нь маш богино хугацаанд, өндөр үнийн дүнтэй явагдаж байгаагаас үүнийг дагасан цахим гэмт хэрэгт иргэд, хөрөнгө оруулагчид өртөж байна. Цаашлаад мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх гэмт хэрэгт холбогдох өндөр эрсдэлтэй тул тусгайлсан эрх зүйн зохицуулалт зайлшгүй шаардлагатай болохыг дурдаж байв.


Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хууль нь виртуал хөрөнгийн зах зээл дээр үйлчлэх хуулийн этгээдийг бүртгэх, хяналт тавих, түүнтэй холбоотой эрх, үүргийг тодорхойлохтой холбогдсон суурь харилцааг зохицуулсан анхдагч хууль юм.


“Виртуал хөрөнгө” гэх нэр томьёог хуульд тодорхойлсон ба эдийн бус хөрөнгөд хамааруулахаар зохицуулсан. Гэхдээ виртуал хөрөнгө нь мөнгөн тэмдэгт, үнэт цаас, төлбөрийн хэрэгсэл биш гэдгийг УИХ-ын гишүүн Г.Амартүвшин мэдээлэлдээ тэмдэглэв.


Виртуал хөрөнгийг зөвхөн виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчээр бүртгүүлсэн компаниар дамжуулан нийтэд санал болгох, худалдах бөгөөд виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй компаниудын болон мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй  тэмцэх, эрсдэлийг бууруулах зорилгоор баталсан бусад журамд заасан шаардлагуудыг хангаснаар виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчээр бүртгүүлэх боломжтой болж байна.


Түүнчлэн виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч нь энэ хуульд заасан дээрх журмуудаар тодорхойлсон үүрэг, шаардлагыг хангаж СЗХ-нд бүртгэгдсэн тохиолдолд харилцагчдаа таньж мэдэх, тэдгээрийн хөрөнгийн эх үүсвэр хууль ёсны эсэхийг тогтоох, виртуал хөрөнгийг эзэмших, арилжихад учирч болох техникийн болон залилан мэхлэх гэмт хэргийн хохирогч болох эрсдэлүүдийг урьдчилан харилцагч нарт танилцуулах үүргийг биелүүлж ажиллах талаарх зохицуулалтыг тусгасан байна.


Тус хуулийг хэрэгжүүлэх хүрээнд виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийг бүртгэх болон мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх, эрсдэлийг бууруулах зорилгоор тухайн компаниудын ажилд хяналт тавих, эрсдэлд суурилсан хяналт шалгалт хийх, эдгээртэй холбоотой нарийвчилсан харилцааг зохицуулах буюу виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн бүртгэл, зохистой засаглал, үйл ажиллагаа, тайлан мэдээнд тавигдах шаардлага, тохиромжтой этгээдийг тодорхойлох, хувь нийлүүлсэн хөрөнгө болон өөрийн хөрөнгийн хэмжээг тогтоох, үйл ажиллагаанд зайны болон газар дээрх хяналт шалгалт хийх, хязгаарлалт тогтоох, түр зогсоох зэрэг асуудлыг Санхүүгийн зохицуулах хорооны бүрэн эрхэд хамааруулан зохицуулалтыг тусгасан байна.


Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчээр бүртгэснийг тухайн виртуал хөрөнгөд өгч байгаа баталгаа гэж үзэхгүй гэдгийг тэрбээр онцлоод “Виртуал хөрөнгийн үйлчилгээнд хамаарах үйл ажиллагааны үр дүнд үүссэн хохирлыг төр хариуцахгүй байх түүнчлэн виртуал хөрөнгийг виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчээр бүртгүүлсэн компаниар дамжуулахгүйгээр нийтэд санал болгох, худалдахыг хориглосон бөгөөд виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч нь Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд заасан мэдээлэх үүрэгтэй этгээд болох тул тухайн хуульд заасан үүргүүдийг хэрэгжүүлж ажиллана” гэлээ.


Виртуал хөрөнгийн үйлчилгээг бүртгэлгүй эрхэлсэн, үйлчилгээ үзүүлэгчээр бүртгүүлсэн компаниар дамжуулахгүйгээр нийтэд санал болгож худалдсан, өөрийн харилцагчийн тухайн үйлчилгээнд хамаарах виртуал хөрөнгийг гүйлгээ хийх, шилжүүлэх, арилжих, хадгалах, удирдах нөхцөл, боломжийг тасралтгүй хангаж ажиллах, виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч, түүний эрх бүхий албан тушаалтан болон холбогдох этгээд нь хуульд заасан шаардлагыг хангаж ажиллаагүй, эсхүл үүргээ хэрэгжүүлээгүй бол Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлагыг хүлээлгэхээр, мөн түүнчлэн виртуал хөрөнгийн үйлчилгээний дотоод мэдээллийг хууль бусаар ашиглах, виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн үйл ажиллагаанд арилжааг урвуулан ашигласан тохиолдлуудыг гэмт хэрэгт тооцож Эрүүгийн хуульд заасны дагуу хариуцлага хүлээлгэх зохицуулалтыг тусгасан болохыг Г.Амартүвшин гишүүн тайлбарлав.


Энэ хууль батлагдсанаар төвлөрсөн бус тархмал систем (блокчэйн), дэвшилтэт технологи дээр суурилсан санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээ, виртуал хөрөнгийг хүлээн зөвшөөрдөг, цахим шилжилтийг дэмжсэн, Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн холбогдох харилцааг зохицуулсан эрх зүйн орчинтой улс орон албан ёсоор болсноор гадаадын хөрөнгө оруулагчдын сонирхлыг татах, цаашид эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх суурь нөхцөл бүрдэж байна. 


Бусад улс орны жишгийг харахад, бүрэн хориглох, эсвэл тодорхой хэмжээний эрх зүйн зохицуулалттай болгож байгаа бөгөөд Монгол Улс энэ дагуу холбогдох эрх зүйн орчныг бүрдүүлж байгаа гэдгийг тэрбээр дурдсан юм.

Холбоотой мэдээ