Э.Батшугар: Кибер аюулгүй байдлын тухай анхдагч хуулийг баталлаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хорооноос 2021 оны намрын ээлжит чуулганаар баталсан онцлох хуулиудыг танилцууллаа. Энэ үеэр УИХ-ын гишүүн Э.Батшугар Кибер аюулгүй байдлын тухай хуулийг онцлон мэдээлэв.
Тус хууль нь Монгол Улсад анх удаа батлагдаж байгаа анхдагч хууль бөгөөд сүүлийн 15 жилийн хугацаанд энэ асуудал яригдаж, 7 удаа төсөл боловсруулагдаж байсан болохыг мэдээллийн эхэнд тодотгов. Технологийн хөгжилтэй зэрэгцээд шинэ төрлийн цахим гэмт хэргийн тоо олон улсын хэмжээнд ч, Монгол Улсын хэмжээнд ч олноор бүртгэгдэх болсныг тэрбээр дурдаад, “Ойролцоогоор хоёр тэрбум ам.доллартай тэнцэх хэмжээний криптовалют одоогоор цахим гэмт хэргийн халдлагад өртсөн гэх мэдээлэл байна. Энэ мэт нөхцөл байдлын улмаас Монгол Улс энэ чиглэлд анхаарал хандуулах зайлшгүй шаардлага үүссэн” гэлээ.
Кибер аюулгүй байдлын тухай хууль батлагдсанаар, кибер аюулгүй байдлыг хангах тогтолцоо, эрх зүйн орчин бүрдэж, иргэн хуулийн этгээд төрийн байгууллагын кибер аюулгүй байдлыг хангах талаарх эрх, үүрэг нь тодорхой болж, кибер аюулгүй байдлыг хангах, эрсдэлийн үнэлгээ, мэдээллийн аюулгүй байдлын аудит хийх, хяналт тавих, нэгдсэн удирдлага зохион байгуулалтаар хангах боломж бүрджээ.
Үндэсний аюулгүй байдлыг хангах тогтолцоонд нийцсэн Кибер аюулгүй байдлын зөвлөлийг Ерөнхий сайд тэргүүлж, дэд даргаар цахим хөгжил, харилцаа холбооны сайд, Тагнуулын ерөнхий газрын дарга нар ажиллаж, үндэсний хэмжээний кибер аюулгүй байдлыг хангах ажлыг нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар хангах, уялдуулан зохицуулах ажлыг хэрэгжүүлэх юм.
Засгийн газар үндэсний хэмжээний кибер халдлагын үед ажиллах төлөвлөгөө, стратеги, онц чухал мэдээллийн дэд бүтэцтэй байгууллагын жагсаалт зэрэг баримт бичгийг батлахаар хуульд заажээ. Түүнчлэн кибер халдлага, зөрчлийг илрүүлэх, таслан зогсоох, хариу арга хэмжээ авах, түүнд өртсөн дэд бүтэц, мэдээллийн системийг нөхөн сэргээхэд мэргэжил, арга зүйн туслалцаа, дэмжлэг олгох үндсэн чиг үүрэг бүхий хүний нөөц, техник, технологийн чадавх, мэдээллийн сантай Үндэсний төвийг тагнуулын байгууллагын бүтцэд, Нийтийн төвийг цахим хөгжил, харилцаа холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дэргэд тус тус байгуулна. Төрийн мэдээллийн нэгдсэн сүлжээнд холбогдсон болон онц чухал мэдээллийн дэд бүтэцтэй байгууллагын кибер аюулгүй байдлыг Үндэсний төв, бусад иргэн, аж ахуйн нэгж, хуулийн этгээдийн кибер аюулгүй байдлыг Нийтийн төв тус тус хангаж, мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлэх үүргийг хуулиар хүлээх аж.
Мөн Зэвсэгт хүчний кибер командлал тайван цагт батлан хамгаалах салбарын хэмжээнд кибер аюулгүй байдлыг хамгаалах зохицуулалтыг хуульд тусгасан байна. Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай, Цахим гарын үсгийн тухай болон Кибер аюулгүй байдлын тухай хуулиуд 2022 оны тавдугаар сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхлэнэ. Харин Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хууль нь ердийн журмаар хэрэгжиж эхэлнэ гэдгийг Байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн Н.Учрал энэ үеэр онцлон тэмдэглэв. Тус хууль хэрэгжиж эхэлмэгц виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийг шинээр бүртгэхийг хориглож, шаардлагатай журам, стандартыг боловсруулж батлах болно гэв. Үүнээс хойш дөрвөн сарын хугацаанд энэ чиглэлээр ажиллаж буй бирж бүртгэлээ хийлгэх боломжтой юм байна. Мөн Зар сурталчилгааны тухай хуулийн дагуу бүх төрлийн виртуал хөрөнгө, койныг олон нийтэд суралчлах, олон нийтийн үйл ажиллагааг ивээн тэтгэхийг хориглож байгаа зохицуулалтыг онцолж, дэлгэрэнгүй тайлбар хийлээ.
Аж үйлдвэрийн IV хувьсгалд манай улсын хувьд үндэсний кибер аюулгүй байдлыг хангах эрх зүйн тогтолцоо, улс орны хөгжил, аюулгүй байдалд түлхэц болох, цаашлаад үндэсний аюулгүй байдлын бүрэлдэхүүн хэсэг болох мэдээллийн аюулгүй байдлаа хангах нөхцөлийг бүрдүүлж байгаа амин чухал хуультай болж байгааг Байнгын хорооны дарга Н.Учрал мэдээллийн төгсгөлд онцоллоо.