Японд “Pfizer”-ын вакциныг хүүхдүүдэд хэрэглэхийг зөвшөөрчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2022-01-21 13:49:17

ТОКИО. /Kyodo/. Японд коронавирусний “омикрон” хувилбарын тархалтын улмаас халдварын тохиолдлын тоо эрс нэмэгдэж буй энэ үед тус улсын Эрүүл мэндийн яам “Pfizer” компанийн “COVID-19”-ийн вакциныг 5-11 насны хүүхдүүдэд хэрэглэх зөвшөөрлийг өнөөдөр олгожээ.


Ингэснээр Японд энэ насны хүүхдүүдэд тарихыг зөвшөөрсөн “COVID-19”-ийн анхны вакцин болж байна. Энэхүү вакцинжуулалтын хөтөлбөртэй холбоотой заавар зөвлөмжийг нарийвчлан гаргасны дүнд хүүхдүүдийг ирэх гуравдугаар сараас дархлаажуулж эхэлнэ гэж холбогдох албаны төлөөлөгчид мэдээлжээ.


Эрүүл мэндийн яамны энэхүү шийдвэрийн дагуу 5-11 насны найман сая орчим хүүхэд АНУ-ын “Pfizer”, Германы “BioNTech” компанид гарган авсан вакцинд хамрагдах боломжтой болох юм. Одоогоор тус яам 12 болон түүнээс дээш насныхныг вакцинд хамруулахыг зөвшөөрөөд байгаа билээ.


Эрүүл мэндийн байгууллагын мэргэжилтнүүдийн хувьд бага насны хүүхдүүд “COVID-19”-ийг үүсгэдэг вирусээр халдварласан тохиолдолд ч хүндээр өвчлөх магадлал бага байгаа тул тэднийг вакцинд хамруулах талаар санал хуваагдсаар байгаа юм.


Японы Эрүүл мэндийн яамны мэдээлснээр, 5-11 насны хүүхдүүдийг насанд хүрэгчдэд тарьсан тунгийн гуравны нэгтэй тэнцэх тунд хамруулах бөгөөд вакцины идэвхтэй найрлага нь ижил байгааг үл харгалзан хүүхдүүдэд зориулсан вакциныг хэрэглэх ажээ.


Эмийн компаниуд хамтран гарган авсан вакцинаа 5-11 насны хүүхдүүдэд хэрэглэх хүсэлтийг Японы Засгийн газарт өнгөрсөн 11 дүгээр сард гаргасан юм. АНУ тэргүүтэй орнуудад явуулсан “Pfizer” компанийн эмнэлзүйн туршилтаар вакцин энэ насны хүүхдүүдийг халдвар авахаас 90.7 хувиар сэргийлж буйг тогтоожээ. 

Холбоотой мэдээ