Төсвийн бүх тендерийг гуравдугаар сарын 1-нд эхлүүлэхийг үүрэг болгов

Монголын мэдээ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2022-01-21 18:13:02

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Төсвийн гүйцэтгэлийн бүх тендерийг энэ оны 3 дугаар сарын 1 гэхэд эхлүүлсэн байх үүргийг Сангийн яамнаас төсвийн бүх ерөнхийлөн захирагч нарт үүрэг болгоод байна. Учир нь энэ сарын 18-ны өдрийн байдлаар нийт 717 төсөл, арга хэмжээний 3.1 их наяд төгрөгийн өртөг бүхий хөрөнгө оруулалтаас дөнгөж 140-ийнх худалдан авах ажиллагааг зарласан дүнтэй байна. Энэ нь нийт зарлах тендерийн дөнгөж 19.5 хувь буюу маш хангалтгүй дүн болж байгаа аж.


Энэ оны улсын төсвийг батлаад 2 сар шахам болж байна. Энэ хугацаанд төрийн болон орон нутгийн өмчөөр бараа материал худалдан авах хуулийн хүрээнд худалдан авах үйл ажиллагааны гүйцэтгэлийн байдлыг дүгнэхэд дээрх дүн гарчээ. Тиймээс төсвийн ерөнхийлөн захирагч нар болон тендер зарлан зохион байгуулдаг төсвий бүх захирагч нарт дээр дурдсан хугацаанд өөрсдийн хариуцсан бүх тендерийг эхлүүлэх хугацаатай үүргийг өгөөд байна_


Ташрамд мэдээлэхэд, 2022 оны төсвийн жилээс өмнө төсвийн хөрөнгө оруулалтаар шинээр хийх 100 төслийн тендер шалгаруулалтыг цахимаар явуулахаар болсон юм. Tender.gov.mn хуудаст өдөрт 60 гаруй тендер зарлагдаж, жилд 21.000 орчим тендер шалгаруулалтыг зохион байгуулдаг бөгөөд жилд 3.4 их наяд төгрөгийн төсөл арга хэмжээ хэрэгжүүлдэг. Жилд дунджаар 6-7 мянган аж ахуй нэгж тендер шалгаруулалтад оролцож байна. 

Холбоотой мэдээ