Футзаалны сонирхогчдын цомын аварга шалгаруулах тэмцээнд Номадик Хантерс клуб түрүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2022-01-24 08:07:32

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын хөл бөмбөгийн холбоо /МХБХ/-ны “Футзаалны сонирхогчдын цом”-ын аварга шалгаруулах тэмцээн 1 дүгээр сарын 17-23-нд боллоо.


Тус тэмцээний хүрэл медалийн төлөө “Капитрон” болон “Шонхор” клубүүдийн хооронд явагдаж 10:0-ээр “Капитрон” илт давуу тоглож хүрэл медалийн эзэд болсон юм.


Аваргын төлөө Баян-Өлгий аймгийн “Номадик Хантерс” болон Хан-Уул дүүргийн “Хан-Уул” клубүүдийн хооронд тун өрсөлдөөнтэй тоглолт болж Хантерсчуудаа Б.Ертис 1’, 23’, 28’, 29’-д М.Ертис 17’-д гоол оруулж “Хан-Уул” клубээс Б.Амарсанаа 8’, Т.Мөнхбаатар 7’ нар гоол оруулснаар 5:2-оор “Номадик Хантерс” клуб энэ удаагийн “Футзаалны сонирхогчдын цом”-ын тэмцээнд түрүүлж аваргын алтан медаль хүртэж, цомын эзэд боллоо.


Тэмцээний хаалтын ажиллагаанд шагнал гардуулахаар МХБХ-ны Зөвлөл гишүүн ТЗБХ-ны дэд дарга Б.Гансүх, ТХХ-ны дарга Б.Болдбаатар нар оролцов.


Шагнал гардуулахын өмнө тэмцээний аваргын төлөө тоглолтыг шүүн явуулсан шүүгч нар дурсгалын медалийг гардуулав. Тус тэмцээнд оролцсон 16 багаас МХБХ-ны “Футзаалны нэгдүгээр лиг”-ийн эрхийг авсан Халиун Од, Сор, Шинэ Налайх, Төв Буганууд, Арвис-2, Шонхорууд болон медалийн төлөө өрсөлдсөн Шонхор, Капитрон, Хан-Уул, Номадик Хантерс гэсэн нийт 10 клубийг танилцуулсан юм.


Харин тус тэмцээнд байрлал бүрдээ бусдыгаа манлайлсан шилдгүүдийг тодруулахад, шилдэг хаалгачаар “Номадик Хантерс” клубийн Т.Серлан мөн аваргын төлөө тоглолтод 4 гоолыг оруулж багтаа аваргын цомыг авчирсан Б.Ертис шилдэг тоглогчоор тодорсон бол тэмцээнд нийт 20 гоол оруулсан “Хан-Уул” клубийн Б.Цогтбаатар шилдэг довтлогчоор тус тус шалгарлаа. 










Холбоотой мэдээ