Экологи, хүрээлэн буй орчны салбарт хамтран ажиллах санамж бичиг байгуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
oyundelger@montsame.gov.mn
2022-01-24 14:32:26

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ Монгол Улсаас БНХАУ-д Суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Т.Бадралтай цахимаар уулзав.


БНХАУ-ын хувьд байгаль орчин, ногоон хөгжлийн салбарыг тэргүүлэх чиглэлээ болгож байгаа тул хамтран ажиллах хүсэлтэй аж ахуй нэгжүүд хүсэлтээ илэрхийлж байгааг Элчин сайд Т.Бадрал уулзалтын эхэнд онцлоод, БНХАУ төрийн бодлогоор 1978 оноос хойш 1 сая хавтгай дөрвөлжин километр талбайг ойжуулсныг дурдлаа.


Иймд энэ туршлага, мэдээллийг солилцон хамтран ажиллах боломж байна. БНХАУ-д Монгол Улсаас суралцаж буй оюутны дийлэнх нь нийгмийн ухааны чиглэлээр сурдаг. Цаашид байгаль орчин, аялал жуулчлалын чиглэлээр мэргэжилтэн бэлтгэхэд хамтран ажиллах боломжтойг тэмдэглээд, ойжуулалт, цөлжилтийг багасгахад боловсон хүчин бэлтгэх хэрэгтэй гэдэгт тэд санал нэгдэв.


БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ Монгол орны цөлжилтийг багасгах, тэрбум мод үндэсний хөдөлгөөнийг амжилттай хэрэгжүүлэхэд Хятадын цөлд мод ургуулж буй сайн туршлагыг нэвтрүүлэх, мэдээлэл солилцох, шар  шороон шуургатай тэмцэх чиглэлээр хамтын ажиллагааг үргэлжлүүлж, өргөжүүлэн ажиллахаа илэрхийллээ. 


Мөн экологи, хүрээлэн буй орчны салбарт хамтран ажиллах санамж бичгийг БОАЖЯ, БНХАУ-ын Экологи, хүрээлэн буй орчны яам хороонд байгуулахаар болов.


Элчин сайд Т.Бадрал Монголд аялах Хятадын урсгалыг нэмэх, хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэх боломжтой. Үүнд чиглэсэн бодлого хэрэгжүүлэн хамтран ажиллахыг дэмжинэ гэдгээ илэрхийлсэн юм.

 

Холбоотой мэдээ