Гал унтраах дадлага сургууль зохион байгуулав
ФОТО МЭДЭЭ
Говь-Алтай /МОНЦАМЭ/. Онцгой байдлын ерөнхий газар, аймгийн Онцгой байдлын газраас 2022 онд дэвшүүлсэн зорилтын хүрээнд тус газрын Гал түймэр унтраах, аврах 59 дүгээр ангийн алба хаагчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, гал унтраах автомашин, техникийн бэлэн байдлыг хангах зорилгоор дадлага, сургуулийг нэгдүгээр сарын 24-ний өдөр зохион байгууллаа.
Ингэснээр Гал түймэр унтраах, аврах 59 дүгээр ангид шинээр томилогдсон алба хаагчдад онол, практикийн сургалтыг маш сайн явуулснаар аврагч нарын мэргэжлийн ур чадвар сайжирна гэдгийг Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газраас мэдээлэв.
Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн А/01 дүгээр тушаалаар баталсан “2021 оны сургуулийн жилийн удирдамж”-ийн хүрээнд Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газрын даргын 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн “Бие бүрэлдэхүүний сургалт бэлтгэлийг зохион байгуулах тухай” А/02 дугаар тушаалын дагуу тус газрын бие бүрэлдэхүүний сургалт бэлтгэлийн нээлтийн үйл ажиллагааг 01 дүгээр сарын 19-ний өдөр зохион байгуулсан аж.
Нээлтийн үйл ажиллагааг аймгийн Онцгой байдлын газрын дарга, дэд хурандаа Л.Баянбаатар нээж, “Бие бүрэлдэхүүний сургалт бэлтгэлийг зохион байгуулах ерөнхий журам”-ын онцлогийг танилцуулан, Онцгой байдлын газраас 2022 онд дэвшүүлсэн зорилтыг танилцуулж, онолын мэдлэгт тулгуурласан дадлага олгох, эрүүл ахуй, хөдөлмөрийн аюулгүй байдал, бие бялдар, сэтгэлзүйн бэлтгэлийг нэмэгдүүлэх, сургалтыг чанар, хүртээмжтэй зохион байгуулах талаар сургагч багш, алба хаагчдад үүрэг чиглэл өгсөн юм.
Мөн үеэр 2022 оны сургалт бэлтгэлийн нээлтэд Онцгой байдлын газрын “Ахмадын зөвлөл”-ийн дарга, бэлтгэл хошууч Х.Батсайхан “Офицер бүрэлдэхүүний манлайлал” сэдвээр илтгэл тавьж, туршлага мэдлэгээ хуваалцаж, Хүний нөөц, бие бүрэлдэхүүний сургалт хариуцсан ахлах мэргэжилтэн, ахмад Б.Батдорж “Сургалт зохион байгуулах арга зүй” сэдвээр илтгэл тавьж, Онцгой байдлын ерөнхий газрын бүтэц, удирдах бүрэлдэхүүн, 2022 оны бие бүрэлдэхүүний сургал бэлтгэлийн цаг сэдвийн хөтөлбөр, төлөвлөгөөг танилцууллаа. Нээлтийн төгсгөлд “Ахмадын зөвлөл”-ийн дарга, бэлтгэл хошууч Х.Батсайханд Биеийн тамир спортын улсын хорооны даргын 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн тушаалаар Гал унтраах техникийн олон төрөлт спортын “Улсын шүүгч”-ийн үнэмлэх тэмдгийг гардуулан өгсөн тухай мөн танилцуулсан юм.







