“Rio Tinto” Оюу толгойн гүний уурхайн бүтээн байгуулалтыг эхлүүллээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2022-01-27 13:51:28

УЛААНБААТАР. /France24/. Монгол Улс дахь Оюу толгой зэсийн уурхайн гүний уурхайн бүтээн байгуулалт эхэлсэн талаар тус улсын үндэсний мэдээллийн агентлаг мэдээллээ. Ингэснээр Англи-Австралийн “Rio Tinto” компанийн олон жил хойшилсон төслийн бүтээн байгуулалт ийнхүү эхэлж байна.


Оюу толгой зэс-алтны уурхай нь олон жилийн турш маргаан дагуулсаар ирсэн бөгөөд байгаль орчинд хохирол учруулж байгаад нь санаа зовнисон иргэдийн эсэргүүцэл, гадаадын нөлөөний улмаас үйл ажиллагаа нь тасалдаж ч байсан удаатай юм.


Хэдийгээр ил уурхайн олборлолтыг 2009 онд Монголын эрх баригчидтай гэрээ байгуулснаас хэдхэн жилийн дараа эхлүүлээд байсан ч 2015 онд байгуулсан олон тэрбум ам.долларын гэрээгээр хоёр дахь хийгээд илүү үнэ цэнтэй далд уурхайг бүтээн байгуулах үүд хаалгыг нээсэн билээ.


Оюу толгойн нөөцийн 80 гаруй хувь нь газрын гүнд оршдог гэж үздэг юм.


“Оюу толгойн гүний уурхайн бүтээн байгуулалт эхэлснээр Монгол Улс хөрөнгө оруулагчидтай ойлголцож, зөвшилцөж, тогтвортой хамтран ажиллаж чаддаг, харилцан ашигтай түншилдэг гэдгээ дэлхий дахинд нотлон харуулах баталгаа болно гэдэгт итгэлтэй байна” гэж Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мягмар гарагт мэдэгдсэнийг МОНЦАМЭ агентлаг уламжлав.


Мөн талууд хамтдаа хэлэлцэж зөвшилцсөний дүнд санал зөрөлдөөнтэй асуудлуудын шийдлийг олсон гэдгийг дээрх мэдээнд дурджээ.


Л.Оюун-Эрдэнийн хувьд гүний уурхайг Монголын талд нэмж өр үүсгэхгүйгээр, харилцан тохиролцсон хугацаанд буюу 2023 оны эхний улиралд бүрэн ашиглалтад оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа мөн илэрхийлсэн байна.



Энэхүү мега төсөл нь бүрэн ашиглалтад орсноор Монголын дотоодын нийт бүтээгдэхүүний гуравны нэгийг бүрдүүлэх урьдчилсан тооцоо гараад байгаа юм.


МОНЦАМЭ агентлагийн мэдээлснээр, гүний уурхайн тогтвортой олборлолт эхлэх хугацаа буюу 2023 оны эхний хагас хүртэлх нэмэлт санхүүжилтийг “Rio Tinto” болон түүний охин компани “Turquoise Hill Resources” бүрэн хариуцна.


Оюу толгойн 66 хувийг “Turquoise Hill” компани, үлдсэн 34 хувийг нь Монголын Засгийн газар эзэмшдэг. “Turquoise Hill”-ийн мэдээлснээр, уурхайн агуйлах ажлыг ойрын өдрүүдэд эхлүүлэх төлөвтэй байна.


Turquoise Hill Resources” Монголын талд ногдох 2.4 тэрбум ам.долларын өрийг тэглэх тохиролцоонд хүрснийхээ дараа дээрх мэдээг гаргаснаас хойш Нью-Йоркийн Хөрөнгийн биржид хувьцааны ханш нь 16 хувиар өсжээ. 

Холбоотой мэдээ