АТГ Хөгжлийн банкны чанаргүй зээлтэй холбоотой 8 үйлдэлд эрүүгийн хэрэг үүсгэн шалгажээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2022-01-29 12:58:34

Улаанбаатар /МОНЦАМЭ/. АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс Хөгжлийн банкны чанаргүй зээлтэй холбоотой 8 үйлдэлд эрүүгийн хэрэг үүсгэн шалгажээ.


Энэ талаар АТГ-ын Тамгын хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар З.Баасанням УИХ-ын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын энэ оны төсвийн тодотголыг хэлэлцэх үеэр мэдээлэв.


Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн өгсөн чиглэлийн дагуу Засгийн газраас ахмад настны тэтгэврийн доод хэмжээг 500 мянган төгрөгөөр тогтоохоор тодотголын төсөлд тусгаад буй юм. 500 мянган төгрөгөөс дээш тэтгэвэр авдаг бол 15 хувиар нэмэх, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах багц ажлыг тусгажээ. УИХ-ын чуулганы энэ сарын 28-ны хуралдаанаар төсвийн тодотголын нэг дэх хэлэлцүүлэг хийж, хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр байнгын хороодод шилжүүлээд байгаа юм. Харин байнгын хороод өнөөдөр хуралдаж, төсвийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна.


Өнөөдөр болсон Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ Хөгжлийн банкны чанаргүй зээлтэй холбоотой асуудлыг хэрхэн шийдвэрлэж буйг асуув. АТГ-ын Тамгын хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар З.Баасанням хариултдаа, “АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс Хөгжлийн банктай холбоотой нийт 8 үйлдэл дээр эрүүгийн хэрэг үүсгэж, шалгасан. Эдгээр хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлээд байна. Мөн тодорхой хэргүүд дээр мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна. Хохирол барагдуулсан болон зээлийг эргэн төлүүлсэн талаарх тодорхой мэдээллийг АТГ-ын албан ёсны цахим хуудсаар дамжуулан олон нийтэд нээлттэй мэдээлнэ” гэлээ.


Ташрамд дурдахад, УИХ-ын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороо Монгол Улсын энэ оны төсвийн тодотголыг дэмжиж, санал дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд танилцуулахаар тогтлоо.

Холбоотой мэдээ