Дэлхийн нийгмийн шударга ёсны өдөр

ТОЙМ
erdenebat@montsame.mn
2022-02-18 17:58:57

Улаанбаатар /МОНЦАМЭ/. НҮБ-ын Ерөнхий ассамблей 2007 оны арванхоёрдугаар сарын 18-ны өдрийн A/RES/62/10 дугаартай тусгай тогтоолоор “Нийгмийн шударга ёсыг хамгаалах дэлхийн өдөр”-ийг бий болгосон. Энэ өдрийг 2009 оноос хойш жил бүрийн 2 дгаар сарын 20-нд тэмдэглэх болжээ.  Энэ онд 2 дугаар сарын 20 амралтын өдөр буюу ням гарит тохионо.


Тухайн өдрийг  тэмдэглэх нь олон улсын хамтын нийгэмлэг ядуурлыг бууруулах, хөдөлмөр эрхлэлтийг бүрэн дүүрэн болгох, зохистой хөдөлмөр эрхлэлт, шударга ёсыг бүх нийтэд хүртээмжтэй болгоход оршдог гэдэг уриа дэвшүүлжээШударга ёс бол эрх зүйн үнэлгээ, хувь хүн ба социаль субьектүүдийн хоорондын эдийн засаг, нийгэм, улс төр, эрх зүйн болон ёс суртахууны, бодит, эрх тэгш бие даасан харилцаа. Түүнийг “субьект-субьектийн” харилцаа гэж томъёолох боломжтой ажээ. Шударга ёс нь нийгмийн харилцаанд оролцогчдыг тэгш байдлаар үнэлэх явдал. 


Нийгмийн шударга ёс бол социаль субьект нэг бүрт нэг л байдлаар хандах харилцаа ажээ. Социаль шударга ёс бол улс төр, эрх зүй, урамшуулал зүй ёсны баялаг болсон  хүний ба иргэний эрхэмсэг оршихуйг хангах нийгэм- ёс суртахууны, эрх зүйн баталгаагаар хангагдсан нийгэм дэх хувь хүний бодит байдал гэж тодорхойлж болно. Өргөн утгаараа шударга ёс бол  хүний амьдрал, үйл ажиллагаа ба нийгмийн бодит байдлыг хооронд нь харьцуулсан нийгмийн харилцааны илэрхийлэл ажээ. Жишээлбэл, нийгэм эмч, эрдэмтэн, багшийн болон банкны эзэн, бизнесмен, төрийн түшмэдийн хөдөлмөрийн үнэлгээ  цалин хөлс  ба урамшуулал хоорондын тэгш байдал социаль ач холбогдлын үнэлэмжийн харьцуулалтыг хэлдэг байх жишээтэй. Явцуу утгаараа шударга ёс нь тодорхой социаль бүлэглэл, тухайлбал, мэргэшлийн, насанд хүрэгчдийн гэх мэт бүлэглэлээс тодорхой үйл явдал, үзэгдэл, үйлдэлд өгч буй үнэлгээний хэмжээг илэрхийлэх учиртай юм байна.


Зөв шударга эрх зүй нь дан ганц хуулин дээр тулгуурлан бий болдоггүй. Үүний тулд хууль тогтоох дээд байгууллага нь ёс суртахуунлаг хүнлэг байдлаар дэмжигдсэн байх ёстой. Шударга бус зүйл хийсэн хүн өөрийн гэм буруутай адил хэмжээнд зовлон эдлэх  нь ёс суртахуунд нийцдэг байх учиртай ажээ.


Эдийн засаг, улс төр, шашин, ёс суртахуун, социаль гэх мэт хэлбэрийн шударга ёсны хуулийн зохицуулагч нь эрх зүйн шударга ёс ноёлдог  байх нь чухал гэж үздэг. Эрх зүй судлаач В.С.Нерсесянц “эрх зүйн хэлбэрээс гадуур орших шударга ёс нь объектив үнэлгээгээ алдаж субъективизм, релятивизм, дур зоргын үзэмж ба хувийн (бодгаль этгээдийн, бүлгийн, хамтын, ангийн, намын гэх мэт) сонголтод хүрдэг” гэжээ.   


Шударга ёс нь хүний ​​үндсэн үнэт зүйлс дээр үндэслэсэн хувь хүний ​​сайн сайхан, нийтийн ашиг хоёрын тэнцвэрийг хангадаг. Энэ утгаараа нийгмийн шударга ёс нь нийгмийн янз бүрийн асуудлуудад тэгш байдлыг эрэлхийлэхэд чиглүүлж, шийдвэрлэхийг  шаарддаг. Түүнээс гадна нийгмийн шударга ёс нь нийгэмд тэнцвэртэй, эв найртай ажиллах нийгмийн үндсэн үнэт зүйлсийн зарчмуудыг дагаж мөрддөг онцлогтой.  


Нийгмийн хөгжлийн эхний үе шатуудад жам ёсны эрх зүйн дагуу овог, аймгуудад гэм хор учруулсан үйлдлийнхээ төлөө хариу төлбөр төлөх үүрэг өөрөөр хэлбэл, “өшөө авах эрх зүй” үйлчилж байсан гэж судлаачид тэмдэглэсэн байна. Гэхдээ тухайн үед “өшөө авалт”-д хэм хэмжээ гэж байгаагүй. Харин нэг өшөө авалт нь нөгөөг бий болгох, хоёр дахь нь гурав дахийг бий болгох гэх мэтчилэн дамжиж овог аймгийг бүхэлд нь устах аюулд оруулдаг байжээ. Энэ утгаараа шударга ёс нь олон нийтийн санаа бодлын дүнд “өшөө авалтын хэм хэмжээ” болж тогтсон түүхтэй гэж судлаачид тайлбарласан байна.


Үе үеийн сэтгэгчид шударга ёсны тухай асуудлыг ямагт сонирхон судалж байсан байх юм. Энэ талаар зарим сэтгэгчдийн үзэл баримтлалыг товч авч үзвэл: Эртний грекийн философич Демокрит шударга ёсыг “үүргээ гүйцэтгэх”, “хууль ёсны дагуух үйл хэрэг”, “эрх зүйн дагуух зүйл” гэж тайлбарлаж байжээ.


Платон “Диалоги” зохиолдоо “шударга ёс бол хүн өөрийн оюун санаагаа илбэн тохинуулах чадвар, эмхлэн журамлах чадвар, өөрийн нэр, төр алдар хүндийг хүндэтгэх, өөртөө шударга гэж үзсэн зүйлээ сонгох, хуульд амьдралаа захируулах чадвар, нийтээр тэгш эрхтэй амьдрах, хуулийн өмнө гэм буруугаа хүлээх чадвар” гэж тодорхойлжээ. Харин “Төр” зохиолдоо “шударга ёсыг баялаг” гэж үзсэн байна.


Аристотель шударга ёсыг нийгмийн социаль үзэгдэл хэмээгээд шударга ёсны шинж чанарыг тэгш байдлын шударга ёс, хуулийн шудрага ёс, шүүн таслах эрх мэдэл дэх шударга ёс гэж  тодорхойлжээ. 


Хүний эрх ба үүргийн, хөдөлмөр ба түүний урамшуулал, гавъяа ба түүнийг хүлээн зөвшөөрөх, гэмт хэрэг ба шийтгэл, хувь хүн, янз бүрийн социаль бүлэг, давхрааны нийгмийн амьдрал хийгээд социаль байр суурь, үүргийн (роль) нийцэл, эдийн засагт бол хязгаарлагдмал нөөцийг хуваарилж байгаад иргэдийн тавьж буй шаардлага  багтаадаг байна. Энэ мөн чанарын хооронд байх ёстой нийцэл байхгүй тохиолдлыг шударга бус явдал гэж үзэхэд хүргэсэн байх юм.


Аристотель анх удаа шударга ёсыг тэгшитгэлийн, хуваарилалтын гэж хоёр хуваажээ. Энэ нь онлын хувьд нийтийн эрх зүй , хувийн эрх зүйн суурь нь болсон гэж эрх зүйн салбарт үзэх болжээ.  

Холбоотой мэдээ