Х.Кобаяши: Хоёр орны найрсаг харилцаа нь төр засгийн болон жирийн иргэдийн итгэлцэл дээр тогтдог

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
naranmandukhai@montsame.gov.mn
2022-02-24 09:42:43

~ МЭНДЧИЛГЭЭ ~


Улаанбаатар /МОНЦАМЭ/. Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кобаяши Хироюки Монгол, Японы дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн өдөрт зориулан мэндчилгээ дэвшүүллээ. Мэндчилгээг бүрэн эхээр нь толилуулж байна. 


“МОНЦАМЭ” агентлагийн уншигч та бүхэнд энэ өдрийн мэндийг өргөн дэвшүүлье. Өнөөдөр буюу 2022 оны 2 дугаар сарын 24-ний өдөр нь Япон, Монголын дипломат харилцаа тогтоосны 50 жилийн тэмдэглэлт ойн өдөр билээ. Та бүхэнтэй хамт энэхүү тэмдэглэлт ойн өдрийг угтаж байгаадаа баяртай байна.


Өнөөдрийн хоёр орны найрсаг харилцаа нь дипломат харилцаа тогтоохоос өмнөх үеийн хоёр орны төр засгийн болон жирийн иргэдийн зовлон бэрхшээл, баяр баяслаа хуваалцан байж бий болгосон итгэлцэл болоод нөхөрлөл дээр тогтдог билээ. Энэхүү завшааныг ашиглан эдгээр хүмүүсийн оруулж ирсэн хүчин чармайлтад дахин талархал илэрхийлье.  



Дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн лого нь “50” хэмээх тоо болон “∞” (хязгааргүй) хэмээх дүрсээс бүтсэн. Хоёр орны үл тасрах, найрамдалт харилцааны цаашдын хөгжлийг бэлгэдэн хоёр орны төрийн далбааг ∞” (хязгааргүй) хэмээх тэмдэг дотор оруулсан байна. Үүнийг хэрэгжүүлэх нь хоёр орны ард түмэн бид бүхэн юм. Өдөр бүр хичээл зүтгэл гаргаж, залуу хойч үедээ залгамжлуулах хариуцлагаа бид сайтар ухамсарлаж байна. Мөн хоёр орны харилцааг улам бүр өргөн хүрээнд гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд хоёр орны харилцааг сонирхож ирсэн “МОНЦАМЭ”-гийн уншигч та бүхний дэмжлэг, хамтын ажиллагаа ч ихээхэн хувь нэмэр оруулна гэдэгт бат итгэлтэй байна.


Энэ оны 2 дугаар сарын 14-ний өдөр, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ шинэ төрлийн коронавирусийн халдвараас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг буурууллаа. Шинэ төрлийн коронавирусийн халдварын тархалт намжаагүй тул амны хаалтаа зүүх зэрэг арга хэмжээг үргэлжлүүлэх хэдий ч Монгол дахь дотоодын бүхий л үйл ажиллагаа, Монгол руу зорчих олон улсын хөдөлгөөн нээгдэн хэвийн байдалдаа шилжихээр боллоо. Япон Улсын Элчин сайдын яам халдвар хамгааллын зохистой арга хэмжээг авч, Японы нийгэм, эдийн засаг, соёлын сурталчилгаа зэрэг 50 жилийн тэмдэглэлт ойн олон арга хэмжээг дангаараа болон хамтран зохион байгуулах болно. Түүнчлэн та бүхний хэрэгжүүлэх 50 жилийн ойн арга хэмжээг дэмжин ажиллана.  


Тус Элчин сайдын яам хоёр орны талаарх дурсамжаас бүтсэн 50 богино эсээг өөрийн твиттер хуудсанд нийтэлж эхлээд байна. Цаашид 50 жилийн тэгш ойн үйл ажиллагаа, арга хэмжээний хүрээнд хүүхдийн зургийн уралдаан, гэрэл зургийн болон уран зургийн үзэсгэлэн, япон фестиваль, бизнес форум, марафон, жүдо зэрэг спортын тэмцээн, япон хэлний уран илтгэлийн тэмцээн, Японы кино өдрүүд болон Ардын хөгжмийн концертыг зохион байгуулна. Хоёр орны Засгийн газар энэ жилийг "Япон, Монголын хүүхэд залуучуудын найрамдал, солилцооны жил" болгон зарласан билээ. Хоёр орны ирээдүйг залгамжлан авч явах хүүхэд, залуус та бүхнийг мөн өргөнөөр оролцохыг хүсэж байна.


Энэ оныг хоёр орны харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх, амжилт үр бүтээлээр дүүрэн жил болоосой хэмээн чин сэтгэлээсээ хүсэн ерөөе.


       

Холбоотой мэдээ