Хотын дарга Польшийн Элчин сайд Кшиштоф Бойког хүлээн авч уулзав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2022-03-03 15:07:03

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Бүгд Найрамдах Польш Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Кшиштоф Бойког хүлээн авч уулзлаа.


Засаг дарга Д.Сумъяабазар Монгол Улс БНПУ-тай 1950 онд дипломат харилцаа тогтоосноос хойш боловсрол, худалдаа, хөдөлмөр эрхлэлт, хүмүүнлэг зэрэг салбарт найрамдалт харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлж ирснийг дурдаад “Хоёр улсын хотууд харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэх, харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэхэд нягт хамтран ажиллана” гэлээ. Түүнчлэн Варшав хотод Улаанбаатар хотын Төлөөлөгч томилохоор болсныг дуулгахад таатай байгаагаа илэрхийлжээ.


Элчин сайд Кшиштоф Бойко Улаанбаатар хотын төлөөлөгчийг томилсноор хотууд хоорондын харилцаанд ач холбогдолтой үйл явдал болж буйг онцлов. Тэрбээр БНПУ-ын Ерөнхийлөгчийн 6 дугаар сард Монгол Улсад  хийхээр төлөвлөж буй айлчлалын үеэр Фредерик Шопений нэрэмжит гудамжны нээлтийг хийх хүсэлтэйгээ илэрхийлэв. Мөн “Энэ айлчлалын үеэр хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чиглэсэн бизнес форум зохион байгуулах саналтай байна” хэмээсэн юм.


Хан-Уул дүүргийн Зайсангийн гудамжнаас зүүн тийш “Хан хиллс” хотхоны хойд талын авто замын тойрог хүртэлх 1.1 км гудамжийг Фредерик Шопений нэрэмжит гудамж болгон албан ёсоор нэршүүлсэн билээ.

Холбоотой мэдээ