Зүүнговь сумын дотуур байранд их засвар хийнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2022-03-11 21:37:48

Увс /МОНЦАМЭ/. Японы Засгийн газрын санхүүжилттэй “Өвсний үндэс-Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж”-ийн хөтөлбөрийн хүрээнд Зүүнговь сумын ерөнхий боловсролын сургуулийн дотуур байр болон гал тогооны барилгад их засвар хийхээр боллоо. Энэхүү гэрээнд Элчин сайд Х.Кобаяши, аймгийн Засаг дарга Ч.Чимэд нар өнөөдөр гарын үсэг зурсан юм.

Япон Улсын Засгийн газар нь Монгол оронд 1990 оноос хойш “Өвсний үндэс-Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж” хөтөлбөрийг хэрэгжүүлж иржээ. Энэ удаагийн төсөл нь Өвсний үндэс буцалтгүй тусламжийн 575 дахь төсөл, Увс аймагт хэрэгжих 29 дэх төсөл болж байгаа аж. Тус төслийн санхүүжилтийн дээд хязгаар нь 706,206,574 төгрөг байна.

Энэ үеэр аймгийн Засаг дарга Ч.Чимэд “Өвсний үндэс-Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж”-ийн хөтөлбөрийн хүрээнд Увс аймагт олон салбарт төрөл бүрийн төслүүдийг амжилттай хэрэгжүүлж байгааг дурдаад, Японы ард түмэнд талархаж буйгаа илэрхийллээ. 

Холбоотой мэдээ