Турк, Узбекистаны харилцаа стратегийн түншлэлийн түвшинд хүрчээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ТАШКЕНТ. /UZA/. Узбекистаны төрийн тэргүүн Шавкат Мирзиёев, Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдагон нар Узбек-Туркийн стратегийн хамтын ажиллагааны зөвлөлийн хурлыг дээд түвшинд зохион байгуулж, энэ үеэр хоёр талын харилцааны статусыг иж бүрэн түншлэлийн түвшинд хүргэхээр шийдвэрлэжээ.
Энэ тухай Мирзиёевын хэвлэлийн алба мэдээлэв.
“Манай хоёр орны өнөөгийн харилцаа өндөр түвшинд байгааг харгалзан бид статусыг иж бүрэн стратегийн түншлэл болгон ахиулахаар тохиролцлоо" гэж Мирзиёев хэлэлцээний үр дүнгийн талаар тайлбар хийхдээ мэдэгджээ. Түүний хэлснээр, сүүлийн жилүүдэд хоёр талын худалдааны хэмжээ 2.5 дахин, хамтарсан үйлдвэрүүдийн тоо тав дахин, Узбекистаны эдийн засагт оруулсан Туркийн хөрөнгө оруулалтын хэмжээ 70 дахин нэмэгдсэн байна.
Узбекистаны төрийн тэргүүний хэвлэлийн албанаас мэдээлснээр, цөөн хүний бүрэлдэхүүнтэй хийсэн хэлэлцээний явцад болон дээрх зөвлөлийн хурлын үеэр талууд улс төр, парламент хоорондын, худалдаа-эдийн засгийн хамтын ажиллагаа, тэр дундаа хөрөнгө оруулалт, тээвэр, нэхмэлийн үйлдвэр, эрчим хүч, хөдөө аж ахуй, эрүүл мэндийн салбар болон соёл-хүмүүнлэгийн солилцооны асуудлыг нарийвчлан хэлэлцсэн байна. Түүнчлэн хэлэлцэн тогтсон бүх тохиролцоог бүрэн дүүрэн хэрэгжүүлэхийн тулд хамтарсан замын зургийг ойрын хугацаанд боловсруулна гэдгийг онцолжээ.
Хэлэлцээ хийснийхээ дараа Мирзиёев, Эрдоган нар хамтарсан мэдэгдэл гаргаж, Засгийн газар хоорондын болон байгууллага хоорондын есөн хэлэлцээрт гарын үсэг зурсан байна.