“Тэрбум мод” тарихад ойн аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх шаардлагатай
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан-Уул /МОНЦАМЭ/. Монгол
Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар “Тэрбум мод” тарих үндэсний хөдөлгөөн улс
орон даяар өрнөж байна. Аймаг бүр тусгай хөтөлбөрийн хүрээнд дээрх хөдөлгөөнд
нэгдэж үүрэг амлалт авсан. Дархан-Уул аймгийн тухайд ирэх арван жилийн
хугацаанд хорин сая мод тарих амлалтыг авч “Ногоон Дархан-2032” хөтөлбөрийг
эхлүүлсэн. Ногоон орчин, ногоон хот болохын тулд бид юу хийх ёстой, хэрхэн
төлөвлөх, юунд анхаарах тухай нэгдсэн зөвлөгөөнийг өчигдөр Дархан хотноо зохион
байгуулсан. Зөвлөгөөнд арав гаруй илтгэл тавигдсан бөгөөд урт, богино хугацааны
хэрэгжилтийн төлөвлөлт, санал, санаачилга дэвшүүлсэн байлаа. Үүний дотроос ХААИС-ийн харъяа Дархан-Уул аймаг дахь
Агроэкологи бизнесийн сургуулийн сургалтын бодлого зохицуулалтын албаны дарга
Б.Одончимэгийн “Ойн мэргэжилтэн бэлтгэж буй байдал, цаашдын төлөв” сэдэвт илтгэл сонирхол татаж байлаа.
Бид саалиа бэлдэхээр саваа бэлд гэдэг.
Нүх ухаж мод, бут суулгаж нэр зүүх амархан. Харин түүнийг хэрхэн арчилж
ургуулах, нэг насны буян хийх вэ гэдэг нь чухал. Мод тарих нь энэ насны буянд
тооцогддог ч нүхэнд булсан, суулгасан модоо тарьж буй сэтгэл шигээ арчилж,
хамгаалж бойжуулах нь чухал гэдгийг тэр бүр хайхардаггүй. Өнөөдөр тэрбум мод
үндэсний хөдөлгөөний хүрээнд жилд тарих модныхоо төрөл зүйл, газарзүйн байрлал,
арчлалт хашаажуулалтыг түлхүү ярьж байна.
Гэвч мод тарих гэдэг нь дээр хэлсэнчлэн
нүх ухаж суулгац суулгахыг хэлэхгүй. Мод тарьсан нэр зүүж түүнд зарцуулах
хөрөнгийг салхинд битгий хийсгэчихээсээ гэдэг үүднээс мэргэжилтэн бэлтгэх
шаардлагайг онцлох юун.
Улсын хэмжээнд хэд хэдэн сургууль ойн мэргэжилтэн бэлтгэдэг. Тодруулбал ХААИС,
МУИС, ХААИС-ийн харъяа Дархан дахь Агроэкологи бизнесийн сургуулиуд ойн
мэргэжилтэн бэлтгэдэг. Харамсалтай ойн мэргэжилтэн бэлтгэх ангид суралцах
оюутан бараг байдаггүй нь харамсалтай. Зөвхөн Дархан-Уул аймгийн хувьд дэргэдээ
ургамал газар, тариалангийн хүрээлэнтэй, агроэкологийн сургууль бий.2006 оноос
хойш ойн мэргэжилтэн бэлтгэж эхэлсэн бөгөөд өнөөдрийг хүртэлх хугацаанд нийт
150 гаруй оюутан элсэн орсон аж. Элссэн оюутан бүхэн төгсдөггүй. Явцын дунд анги,
мэргэжлээ сонгох, шантрах, тухайн мэргэжилдээ сонирхолгүй болох тууштай суралцах чадварт суралцаагүй зэргээс шалтгаалан 16 жилийн хугацаанд 100 гаруй
мэргэжилтэн бэлтгэсэн. Энэ жилийн тухайд улсын хэмжээнд дээрх гурван сургуулиас
10 гаруй оюутан төгсөнө гэсэн судалгааг гаргажээ. Тиймээс яг энэ цаг үед ойн аж
ахуйн салбарт мэргэжилтэй боловсон хүчин зориудаар бэлтгэх шаардлага үүсч
байна. Мөн түүнчлэн жил бүр ерөнхий боловсролын сургууль төгсөгчдийн тоо
буурсан, ойн аж ахуйн салбарыг сонгох сонголт нь маш бага байгаа нь тэрбум
тарих үндэсний хөдөлгөөнийг “Хар ухаанаар” хийнэ гэдэг шиг тарьсан нэр зүүж
туушиндаад өнгөрөх вий гэсэн халаглал энэ салбарынхны төлөөлөлд байна.
Мөн хөдөө аж ахуй, ойн аж ахуйн салбарт
тулгамдсан асуудал, мэргэжилтэй боловсон хүчний дутмаг байгаа байдал нь ажиллах
нөхцөл нь хүнд гэдэгт оршиж байна. Хагас механикжсан, гар ажиллагаа ихтэй,
улирлын нөхцөлтэй, цалин бага, амралт байхгүй гэдгээс шалтгаалан тухайн
салбарыг сонгох нь жилээс жилд буурч байгааг тухайн салбарын мэргэжилтэн
бэлтгэдэг багш, эрдэмтэн докторууд “Ногоон Дархан-2032” зөвлөгөөний үеэр онцолж
байлаа.
Тиймээс бид одоо юунд хамгийн түрүүнд
анхаарах ёстой вэ? Тэрбум модыг эх орныхоо хөрсөнд тарьж ургуулахад юуг, хэнийг
чухалчлах ёстой вэ? гэдэг энгийн хэрнээ маш хэрэгтэй асуулт урган гарч ирж
байна. Эрхбиш тооцоо судалгаа гаргаж, тухайн салбарын мэргэжилтний нөөц,
салбартаа ажиллаж байгаа болон ажиллаагүй гэдгийг нэг бүрчлэн гаргасан гэж
найдна. Зөвхөн Дархан дахь Агроэкологийн
сургуулийг төгссөн 100 гаруй ойн мэргэжилтнээс хэд нь ажилтай, хэд нь ажилгүй, хэд нь өөр салбарт байгаа гэдгийг гаргаж, үндэсний хөдөлгөөнд татан оролцуулбал
21 аймгийнхны сая саяар тарих модны амьдрах чадвар сайжирч, жилд тарих
модныхоо 80-90 хувь, цаашлаад бүр 100 хувь амьдруулж чадах боломж нээгдэх юм. Ингэж
хэрвээ бүгдийг судалж татан оролцуулж, мэргэжилтний сурсан эрдмийг ашиглаж,
суулгац тарьцаа зөв технологиор тарьж ургуулж арчилж чадвал тэрбум мод тун
удахгүй ургаж эхлэх бизээ.
Тиймээс салбарын мэргэжилтэн бэлтгэдэг
сургууль нь сургахад бэлэн байхад сурах хүсэл тэмүүллийг бий болгох л хэрэгтэй.
Хорин сая мод тарихад томоохон ААНБ-ууд бүгд дэргэдээ Мод үржүүлэх газартай байх ёстой гэдгийг биологийн ухааны доктор Г.Цэдэндаш онцолж байсныг энд дурдъя. Тийм учраас ХААИС-ийн харьяа Дархан-Уул аймаг дахь Агроэкологи бизнесийн сургуулиас зөвхөн “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд богино хугацааны сургалтын хөтөлбөрийг ч боловсруулжээ. Үр дүн гаргахын тулд эрдэмтэн багш нар хичээн ажиллаж байна. Одоо харин иргэн, ААНБ-ууд мэдлэг нэмж, туршлагаа сайжруулан хоосон нүх үлдээхгүйн төлөө хичээх л үлдэж байна. Тэрбум мод тарьж, тэр чинээгээрээ ургаж гэмээнэ тэнүүн сайхан амьсгална.