Хийн хоолой дамжих эзэмшлийн газарт нөхөн олговор олгож, төлбөр төлнө

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2022-04-11 17:08:00

Улаанбаатар /МОНЦАМЭ/.ОХУ-аас БНХАУ руу холбох байгалийн хийн хоолой дамжуулах ажлын судалгаа, шинжилгээ хийх ОХУ-ын компаниуд Монгол Улсын талтай хийж буй уулзалтаа үргэлжлүүлж байна. Тухайлбал, “Газопровод Союз Восток" компани судалгаа шинжилгээний төслөө Улаанбаатар дахь Русский дом буюу Оросын шинжлэх ухаан, соёлын төвд танилцуулав.


Манай улсаар дамжин өнгөрөх газруудад хийн хоолойг байгууламжуудыг аль болох тойруулан тавих, зарим эзэмшил газар болон газар тариалангийн бүс дайрах нөхцөлд нөхөн олговор болон түрээсийн төлбөр өгөхөө хоёр тал мэдэгдэж байна. ОХУ-ын талаас “Газопровод Союз Востоккомпанийн тусгай зориулалтын захирал Евгений Асеев мэдэгдлээ. Тус компани “Эрдэнэс Монгол” ХХК хамтран манай улсаар дамжин өнгөрөх хийн хоолойн байгууламжийн инженер-геодези, инженер-экологи болон археологийн хайгуул судалгааг хийж эхлээд байгаа юм. Энэ ажлыг энэ оны 11 дүгээр сарын 30-ны дотор багтаан дуусгана. Байгалийн хий дамжуулах хоолойн барилга байгууламжийг барихад зориулан газар олгох асуудлыг Монгол Улсын Засгийн газар хариуцаж байгаа юм.


Ташрамд мэдээлэхэд, ОХУ-аас Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан БНХАУ руу байгалийн хийн хоолой татах төслийн ТЭЗҮ-г баталж, зураг төсөл, инженерийн хайгуул судалгааны ажлыг эхлүүлэх гэрээнд өнгөрсөн 2 дугаар сарын сүүлчээр талууд гарын үсэг зурсан юм.  




Түүнчлэн, Монгол Улсад шугам хоолой барихтай холбогдуулан цахилгаан эрчим хүч, цахилгааны инженерчлэл, газрын тос, хийн бизнес, технологи, автоматжуулалтын чиглэлээр мэргэшсэн мэргэжилтнүүд шаардлагатай байгаа тул ОХУ-ын Томскийн Политехникийн Их сургууль ирэх хичээлийн жилээс Монголоос оюутнууд элсүүлж, дадлагажуулахад бэлэн байгаагаа зарлалаа.


Томскийн Политехникийн Их Сургуульд “Союз Восток” төсөлд Монгол мэргэжилтэн бэлтгэнэ.


Энэ талаар Газопровод Союз Востоккомпанийн тусгай зориулалтын захирал Евгений Асеев, ОХУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны зөвлөх, ОХУ-ын Холбооны Россотрудничество агентлагийн Монгол Улс дахь төлөөлөгчийн газрын тэргүүн  Амгалан Ринчинович Базархандаев, Томскийн Политехникийн Их Сургуулийн сургалтын үйл ажиллагааны дэд ректор Михаил Соловьев нар мэдэгдлээ. 

Холбоотой мэдээ