ОХУ АНУ-ын Конгресс, Канадын Сенатын гишүүдэд хориг арга хэмжээ авчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2022-04-14 11:13:30

МОСКВА. /Anadolu/. ОХУ АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын 398 гишүүнд хориг арга хэмжээ авсан тухай тус улсын Гадаад хэргийн яам мэдэгджээ.


Мэдэгдэлд дурдсанаар, Орос улсад авсан хориг арга хэмжээний хариуд ийм алхам хийсэн байна.


“Жо Байдены засаг захиргаа гуравдугаар сарын 24-нд Оросын парламентын гишүүдийг хар жагсаалтад оруулж, Холбооны улсын Хурлын Төрийн Думын 328 депутатын эсрэг тавьсан ээлжит хоригийн хариуд АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын 398 гишүүнд хориг арга хэмжээ авч байна” гэж Оросын ГХЯ-ны мэдэгдэлд дурджээ.


Конгрессын доод танхимын хороодын удирдлага, дарга зэрэг эдгээр хүнийг Оросын "хар жагсаалт" - д байнгын үндсэн дээр оруулсан болохыг тэмдэглэсэн байна.


Үүнээс гадна, ОХУ Канадын Сенатын 87 гишүүнд хориг арга хэмжээ авчээ.


Оттава Москвагийн эсрэг дайсагнасан алхмууд хийсний хариуд сенатчдыг Оросын "хар жагсаалт"-д оруулсан гэж тус улсын ГХЯ тэмдэглэсэн байна.


Хязгаарлалтын арга хэмжээнд ОХУ-д зорчихыг хориглох зэрэг арга хэмжээ багтана.


Холбоотой мэдээ