Филиппинд "Меги" шуурганы улмаас 76 хүн амиа алджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Jargal.d@montsame.mn
2022-04-14 11:46:12

БАНГКОК. /TASS/. Филиппинийг дайрсан халуун орны "Меги" шуурганд 920 700 гаруй хүн өртөөд байна. Тус улсын Эрсдэлээс урьдчилан сэргийлэх, байгалийн гамшгийн уршгийг арилгах үндэсний зөвлөлийн пүрэв гарагт нийтэлсэн тайланд дурдсанаар, байгалийн гамшгийн улмаас 76 хүн нас баржээ.


Зөвлөлийн мэдээлснээр, догшин салхи Филиппиний есөн бүс нутгийг дайрсан байна. 204 мянга гаруй хүнийг 660 нүүлгэн шилжүүлэх төвд байрлуулжээ. Амиа алдсан хүмүүсийн дийлэнхийнх нь болон сураггүй болсон 28 хүний ​​талаарх мэдээллийг тодруулсаар байна. Хамгийн олон буюу 72 хүн Зүүн Висай мужид, гурав нь Давао, нэг нь Баруун Висайд амиа алджээ.


Байгалийн гамшигт 354 байшин сүйдсэн бөгөөд хохирлын урьдчилсан дүн 709.5 мянган песо (13.5 мянган ам.доллар) болж, 487 үер, 71 хөрсний гулгалт бүртгэгдсэн байна. Таван бүс нутгийн хөдөө аж ахуйд учирсан хохирол 134.9 сая песогоор (2.58 сая ам.доллар) хэмжигдэж байна. Гамшгийн улмаас 189 зам, долоон гүүр эвдэрсэн байна. 75 хотод цахилгаан тасарч, гуравт нь усан хангамжийн тасалдал гарчээ.


Найман бүс нутгийн эрх баригчид 186 боловсролын байгууллага, 138 аж ахуйн нэгж, 41 боомтын үйл ажиллагааг түр зогсоосон байна. Мөн 14 хот, мужид онцгой байдал зарлажээ. Засгийн газраас байгалийн гамшигт нэрвэгдсэн хүмүүст тусламж үзүүлэхэд 19.4 сая песо (373 мянган ам.доллар) хуваарилсан байна.


Халуун орны Меги" шуурга дөрөвдүгээр сарын 10-нд Филиппиний зүүн хэсэгт орших Самар, Билиран, Лейте арлуудыг дайрчээ. Тус улсын Агаар мандал, геофизик, одон орон судлалын албанаас мэдээлснээр, салхины дээд хурд секундэд 20.8 м, зарим үед секундэд 29.1 м хүрч ширүүсчээ.


Холбоотой мэдээ