Хармаг жимсний орцтой бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
munkhbaatar@montsame.gov.mn
2022-04-14 13:07:11
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Говийн жимс, ургамлаар бүтээгдэхүүн үйлдвэрлэж буй "Хатан хармаг кластер хөгжлийн хөтөлбөр"-ийн үйл ажиллагааг таниулан сурталчлах үзэсгэлэн худалдаа "UB-mart" дэлгүүрийн гуравдугаар давхарт энэ сарын 18-28-нд болно. 


Өмнөговь аймагт буй хармаг, гоёо зэрэг байгалийн ховор нөөцийг тариалж, арвижуулахын зэрэгцээ тэдгээрийг ашиглан бүтээгдэхүүн гаргаж, эдийн засгийн эргэлт бий болгох зорилгоор "Галтууд" ХХК 2012 оноос "Хатан хармаг кластер хөгжлийн хөтөлбөр"-ийг эхлүүлжээ. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд говийн жимсгэнэ хармаг, түүний хүрээлэн буй орчны ургамлуудын хамт судлах, хамгаалах, шинээр тариалах ажлыг “Амин хэлхээ байгаль сан” гүйцэтгэж байгаа юм. Харин тэдгээр байгалийн нөөцийг ашиглаж бүтээгдэхүүн хөгжүүлэх ажлыг "Хатан хармаг" ХХК хариуцдаг байна.


Дээрх үзэсгэлэнгээс онцолбол, "Машид хүнс" ХХК-ийн "Лагшин" ундааны амталгаа, Өмнөговь аймгийн Номгон сумын үйлдвэрлэгч Н.Алтанцэцэгийн ингэний сүү, хармагны навчтай саванг танилцуулна. Мөн Ханбогд сумын Баянтогтохын таанын сорс бүтээгдэхүүнийг танилцуулахаар бэлтгэжээ.


Үзэсгэлэн худалааны үеэр хармаг хамгаалах, тариалах агротехникийг танилцуулахаас гадна хармагны орцтой олон төрлийн хүнсний бүтээгэдхүүнийг дэлгэн амталгаа явуулах аж. 


"Өмнөговьд үйлдвэрлэв" дэлгүүр хамтран зохион байгуулж буй тус үзэсгэлэнгийн үеэр "Gobi berries tea shop" ажиллах юм байна.

Холбоотой мэдээ