БНСУ-ын шинээр сонгогдсон Ерөнхийлөгч Япон руу төлөөлөгчдөө илгээнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2022-04-18 12:00:45

СӨҮЛ. /TASS/. БНСУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдоод байгаа Юн Сок Ёль БНАСАУ-ын талаар баримтлах бодлого болон хоёр талын хамтын ажиллагааны асуудлаар зөвлөлдөх зорилгоор Япон улс руу энэ сард төлөөлөгчдөө илгээхээр төлөвлөжээ. Энэ тухай БНСУ-ын шилжилтийн хорооны албан ёсны төлөөлөгч Бэ Хён Жин ням гарагт мэдэгдэв.


“Төлөөлөгчдийн зорилго бол Сөүл, Токиогийн хоёр талын харилцаа болон Умард Солонгосын асуудлаар зөвлөлдөх юм. Энэхүү айлчлал нь эдгээр асуудлаар хамтран ажиллах үндэс суурийг тавина гэж найдаж байна” гэж тэрбээр мэдэгдсэнийг “Yonhap” агентлаг уламжилжээ. Төлөөлөгчид Японы Засгийн газар, парламент, бизнес, эрдэм шинжилгээний байгууллагын төлөөлөлтэй уулзахаар төлөвлөж байгаа аж.


Төлөөлөгчдийг “Иргэний хүч” консерватив намын депутат, парламентын дэд дарга Чон Жин Сок тэргүүлэх юм байна. Тэрбээр мөн БНСУ-Японы парламентын дипломат харилцааны форумыг хамтран даргалдаг аж. Японд айлчлах төлөөлөгчдийн баг долоон хүний бүрэлдэхүүнтэй байх бөгөөд тэдний айлчлал дөрөвдүгээр сарын 24-28-ны хооронд үргэлжилнэ. Юн Сок Ёль өмнө нь АНУ руу төлөөлөгчдөө илгээсэн билээ.


БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун тактикийн шинэ зэвсгийн туршилтад оролцсон гэж Солонгосын төв цахилгаан мэдээний агентлаг ням гарагт мэдээлжээ. Тус улс бямба гарагт Япон тэнгис рүү хоёр пуужин харвасан талаар БНСУ-ын цэргийнхэн мэдээлсэн байна. Үүнтэй холбогдуулан Өмнөд Солонгосын үндэсний аюулгүй байдлын зөвлөл ням гарагт хуралджээ.

Холбоотой мэдээ