Нар, салхи, батерей хосолсон эрчим хүчний шийдлийг сонирхуулж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нар, салхи, батерей хосолсон эрчим хүчний шийдлийг “Build Mongolia-2022” үзэсгэлэнд оролцож буй “Бичура энержи” ХХК санал болгож байна.
Тус компани 2021 онд “Мongolian Minig” үзэсгэлэнд Германы хэт өндрийн салхин технологи танилцуулж байсан бол энэ жил Нидерланд улсын “Амфибиоус энержи” компанийн нар, салхи, батерей станц хосолсон бие даасан эрчим хүчний шийдэл санал болгож байна. Төвийн эрчим хүчний системд холбогдоогүй газрын айл өрх, албан байгууллага дизель генератор хэрэглэхгүйгээр нар, салхи, батерей станцаар эрчим хүчээ хангана гэсэн үг юм.
Эрчим хүчний хосолсон, цогц шийдлийн талаар “Бичура энержи” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Эрдэнэдоржоос
тодрууллаа.
-Танай компанийн санал
болгож буй бүтээгдэхүүний давуу тал, онцлогийг хэлж өгнө үү?
Монгол Улс эрчим хүчний дутагдалтай ч нар, салхины маш их нөөцтэй. Ихэнх улс орон эко эрчим хүчний хэрэглээ рүү чиглэж байна. Харин манай улс эрчим хүчний хэрэглээгээ хангах нь асуудал болчихоод байгаа. Дэлхийд нар, салхи, батерей хосолсон эрчим хүчний шийдэл байхгүй. Дандаа тус дусдаа байдаг бол манай санал болгож буй бүтээгдэхүүн эдгээрийг нэгтгэж хосолсон анхны шийдэл юм. Нүүрс хүчлийн хий ялгаруулахгүй, ашиглалтын зардал, овор хэмжээ бага, эрс тэс цаг агаарт тэсвэртэй, дуу чимээ багатай зэрэг давуу талтай. Түүнчлэн, Нидерландын энэ бүтээгдэхүүн дэлхийн инновацийн 2020, 2021 оны шагнал авч байсан. Миний олж мэдсэнээр, манай улсын 120 сум эрчим хүчинд холбогдоогүй юм билээ. Тэдгээр суманд энэ бүтээгдэхүүнийг хэрэглэх боломжтой. Манай загвар 300 квт эрчим хүч байнга гаргах хүчин чадалтай гэхээр багахан суманд боломжийн санагдаж байгаа.
-Хэдий хэмжээний
хүчин чадалтай, хэдэн төрлийн бүтээгдэхүүн байгаа вэ?
Дөрвөн төрлийн загвар байгаа. Хэрэглэгчийн хүсэл, сонирхлоос хамаараад салхин сэнс, нарны дэлгэц нэмэх зэргээр тухайн хүний аж ахуй, ахуйн хэрэгцээнд нь зориулж өөрчилж болно. Хамгийн жижиг загвар нь гэхэд 86 квт батерей станцтай, 30 орчим квт эрчим хүч гаргах хүчин чадалтай. Нэг бүтээгдэхүүн дангаараа 2-3 айлыг эрчим хүчээр байнга хангах боломжтой. Эрчим хүчний хэрэгцээ өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа энэ цаг үед хосолсон шийдэл танилцуулснаараа төвийн эрчим хүчний системийн хязгаарлалтад орохгүй, хомсдолтой эрчим хүчийг ачаалахгүйгээр амьдрах боломжтой юм.
-Том загвар нь
хэдий хэмжээний эрчим хүч гаргах вэ?
Хамгийн том нь 688
квт батерей станцтай, 300 квт эрчим хүч гаргах хүчин чадалтай. Энэ нь жижиг
дунд үйлдвэрүүдээс гадна хамгийн багадаа 30 айлыг цахилгаанаар байнга хангах
хэмжээний чадал юм.
-Хосолсон бүтээгдэхүүнээ хэдэн төгрөгөөр борлуулж
байна вэ?
Яаж угсрахаас
хамаараад үнэ ханш нь хэлбэлзэнэ. Монопот буюу хамгийн жижиг загварын дундаж үнэ
нь 120 мянга орчим евро буюу 390 орчим сая. Анх сонсоход үнэтэй санагдах ч 120
мянган еврог 86 квт эрчим хүчдээ хуваавал 1квт-ын анхны хөрөнгө оруулалт 1400
орчим евро болно. Дэлхийд зөвхөн нараар эрчим хүчээ шийдэхэд 1квт нь 1000 орчим
ам.доллар болдог. Тэгэхээр монопот нь нар, салхи, батерей станцтайгаа 1400 евро
гэвэл дэлхийн стандартаас хямд болж байгаа. Бид дөнгөж эхэлж байна, цаашид
ногоон зээл гэх мэт хөтөлбөрт хамрагдах боломжтой бий. Мөн Нидерландын компанитайгаа
хэлэлцээ хийчихсэн, 2 жилийн дараа монголд угсрах үйлдвэр барих сонирхол
бий. Ингэвэл үнэ өртөг ч багасна.
-Эрчим хүч хуримтлуулах батерей станцтай
гэлээ. Батерей нь хэдэн жилийн хугацаатай хэрэглэгдэх бол?
Туршилтаар натри
цинкийн батерей 15-20 жилийн баталгаатай гэж дүгнэсэн. Манай компанийн
бүтээгдэхүүнийг худалдан авсны дараа бид засвар үйлчилгээг бүрэн хариуцана. Эдгээр
бүтээгдэхүүн 24 цагийн турш хиймэл дагуулын хяналтад байдаг учир цаг минут бүр
салхин сэнс, нарны дэлгэц хэвийн ажиллаж байгаа эсэхийг шалгана. Эвдрэл
гэмтэл гарсан тохиолдолд цаг тухайд нь засах тул багадаа 30-40 жил санаа зовох
зүйлгүй. Энэ шийдлийг нэг удаа хөрөнгө оруулаад авчихад цаашид нар, салхиар
насан туршдаа эрчим хүчээ үнэгүй хангана шүү дээ.
-Засвар
үйлчилгээг нь хийх боловсон хүчин бэлдсэн гэсэн үг үү?
Манай
бүтээгдэхүүн монголд одоогоор бүрэн танигдаагүй байгаа. “Бичура энержи” ХХК европын олон
компанитай хамтарч ажилладаг. Зарим инженерийг нь урьж, монгол инженерүүдийг
тодорхой хэмжээнд бэлтгэж байгаа. Нар, салхиас эрчим хүч гаргах технологи хэт
шинэ зүйл биш тул үйлчилгээг нь хийхэд хүндрэлтэй зүйл бага.