Чанаргүй зээл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 9.6 хувийг эзэлж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
oyundelger@montsame.gov.mn
2022-04-26 07:56:36

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд олгосон нийт зээлийн өрийн үлдэгдэл энэ оны 3 дугаар сарын эцэст 22.1 их наяд төгрөг боллоо.

Энэ нь өмнөх сарынхаас 797 (3.7 хувь) тэрбум, өмнөх оны мөн үеийнхээс 4.5 (25.2 хувь) их наяд төгрөгөөр нэмэгдсэнийг Үндэсний статистикийн хороо мэдээлэв.


Нийт зээлийн өрийн үлдэгдлийн 51.9 хувь нь иргэд, 46 хувь нь хувийн, 1.3 хувь нь төрийн, 0.8 хувь нь санхүүгийн болон бусад байгууллагынх аж. Хэвийн зээлийн өрийн үлдэгдэл өнгөрсөн сарын эцэст 19 их наяд төгрөг болж, өмнөх сарынхаас 905.7 (5 хувь) тэрбум, өмнөх оны мөн үеийнхээс 4.7 (32.5 хувь) их наяд төгрөгөөр нэмэгджээ. Хэвийн зээлийн өрийн үлдэгдэл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 86 хувийг эзэлж байна.


Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл 3 дугаар сарын эцэст 969.3 тэрбум төгрөг болж, өмнөх сарынхаас 75.8 (7.3 хувь) тэрбум, өмнөх оны мөн үеийнхээс 313.3 (24.4 хувь) тэрбум төгрөгөөр багаслаа. Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 4.4 хувийг эзэлж байв. Банкны системийн хэмжээнд чанаргүй зээл 3 дугаар сарын эцэст 2.1 их наяд төгрөг болж, өмнөх сарынхаас 32.9 (1.5 хувь) тэрбум төгрөгөөр багасаж, өмнөх оны мөн үеийнхээс 103.8 (5.1 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдлээ. Чанаргүй зээл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 9.6 хувийг эзэлж байна.

Холбоотой мэдээ