Европын холбооны зарим гишүүн орнууд ОХУ-ын газрын тосны хоригоос гарахыг эрмэлзэж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ankhbayar.abr@yahoo.com
2022-05-04 11:00:02

ПАРИС. /AFP/. Европын холбоо /ЕХ/ мягмар гарагт гишүүн орнууддаа ОХУ-ын эсрэг авах хориг арга хэмжээний зургаа дахь төлөвлөгөөгөө танилцуулсан ба тус холбооны зарим гишүүн орнуудын зүгээс ОХУ-ын газрын тосны хоригоос гарахыг эрмэлзэж байна.


ЕХ-ны санал болгож буй зургаа дахь удаагийн хоригт гол төлөв ОХУ-ын газрын тосны хориг, ОХУ-ын Төв банкийг Олон улсын төлбөр тооцооны “SWIFT сүлжээнээс хасах зэрэг багтаж байгаа юм.


Гэсэн хэдий ч ЕХ-ны хэд хэдэн албан тушаалтан, ЕХ-ны гишүүн орнуудын дипломат ажилтнууд тус төлөвлөгөөний талаар санал зөрөлдөөнтэй байгаа талаар “AFP агентлагт мэдэгджээ.


ЕХ-ны албаны хүмүүсийн хэлж буйгаар, Европын зөвлөл ойрын 6-8 сарын хугацаанд ОХУ-ын эсрэг авах газрын тосны хоригийг үе шаттайгаар хэрэгжүүлэхийг санал болгосон. ОХУ-ын газрын тосноос ихээхэн хамааралтай Унгар, Словак улсууд үүнээс хэдэн сараар илүү хугацааг зарцуулах боломжтой гэжээ.


Харин Словакын тал үүнд хэдэн жилийн хугацаа шаардлагатай гэж мэдэгдсэн байна.


Олон улсын Эрчим хүчний агентлагийн мэдээлснээр, Унгар улс өнгөрсөн онд хэрэглэсэн түүхий газрын тосны 96 хувийг ОХУ-аас импортолсон бол Словак улс 58 хувийг импортолжээ. ЕХ-ны газрын тосны нийт хэрэгцээний 26 хувийг ОХУ хангадаг аж.


ЕХ-ны гишүүн 27 орны Элчин сайд нар өнөөдөр тус хориг арга хэмжээний төлөвлөгөөний талаар хуралдах ба хоригийг хэрэгжүүлэхийн тулд гишүүн орнууд санал нэгтэйгээр батлах шаардлагатай юм.


ЕХ-ны өөр нэгэн нэрээ нууцлахыг хүссэн албан тушаалтан ярихдаа, яриа хэлэлцээний үеэр Болгар, Чех улсууд ОХУ-ын газрын тосны хоригоос гарахыг эрмэлзэж магадгүй гэсэн байна.  

Холбоотой мэдээ