Хуулийн дагуу хэмнэж сурах шинэ төлөвлөгөө

Монголын мэдээ | Тойм
uranatuya@gmail.com
2022-05-09 17:08:48

                                                Улаанбаатар /МОНЦАМЭ/.

 

САХИЛГА БАТЫГ ТӨЛӨВШҮҮЛЭХ ШИНЭ ХУУЛЬ

Төрийн хөрөнгө, төсвийн мөнгийг хэмнэж гамнах тал дээр Монгол Улсын Засгийн газар онцгой анхаарал хандуулж эхлэв.

Зардал өндөртэй, үр ашиггүй зарлага ихтэй, бүтэц нь томдож бүтээмж нь суларсан, төсвийн мөнгийг үрэлгэн харалган зарцуулдаг гэх зэрэг шүүмжлэлд өртдөг төрийн байгууллагуудын үйл ажиллагааг эмхэлж цэгцлэх ажлыг зоригтой хийж байгаа нь олон нийтийн хүлээлтэд нийцэж байна. Ерөөс хэмнэлтийн бодлого баримтлах нь эмх журам, сахилга бат, хариуцлага хандлагыг төлөвшүүлэх, ирээдүйн үр нөлөө нь ихээхэн чухал.


2022 оны нэгдсэн төсвийн тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойш хоёр ч удаа тодотгол хийж, тэвчиж болох зардлыг нэг бүрчлэн танаж, нэг ёсондоо энэ жилийн төсөвт маш нарийн хяналт тавьж, тодруулан нягтлав. УИХ-аас 2022 оны нэгдсэн төсвийг анх батлахдаа орлогыг 15,8 их наяд төгрөг, зарлагыг 18,1 их наяд төгрөг байхаар тооцсон байв. Харин тодотголоор Төсвийн орлогыг 15,5 их наяд төгрөг буюу ДНБ-ий 33.3 хувьд, зарлагыг 17,9 их наяд төгрөг буюу ДНБ-ий 38.4 хувьтай тэнцүү байхаар тооцов. 


Хэд хэдэн удаа нягтлан шалгасан энэ удаагийн төсвийн тодотголоор конторын барилга, засвар, тоног төхөөрөмж, спорт заал, усан бассейн, айргийн өргөө барьж байгуулахад төсвөөс хөрөнгө оруулалт хийхгүй болж, үйл ажиллагааны болон удирдлагын зардлыг 20 гаруй хувиар хэмнэж, 1500 гаруй орон тоог эргэж сэргээхгүйгээр хассан.


Монгол Улс, төрийн бүх шатны байгууллагууддаа санхүүгийн сахилга батыг мөрдүүлэх, үрэлгэн байдалд хязгаарлалт тогтоож хяналт тавих хуультай болж байна. Өөрөөр хэлбэл, төсвийг нэг удаа танаад орхих биш, хэмнэлтийн тусгайлсан хуультай болж, цаашид төрийн байгууллагууд цомхон бүтцээр бүтээмж өндөртэй ажиллах сайн тогтолцоонд шилжих алхмыг хийлээ гэж хэлж болох юм.


БАГА ЗАРДЛААР ӨНДӨР ҮР АШИГТАЙ АЖИЛЛАЖ ХЭВШИНЭ

Эдийн засгийн хүнд нөхцлийг даван туулж байгаа энэ үед зардал зарлагаа багасгаж, харин хэрэгцээ шаардлагатай зүйлд хэмнэсэн мөнгөө зарцуулах ухаалаг, тооцоотой бодлого баримтлахыг Засгийн газар илүүд үзэж байгаа юм.


Хэмнэлтийн горимыг хэрэгжүүлэхэд тодорхой зарчмыг баримтална гэж хуулинд тусгасан байгаа. Тухайлбал, зардал бууруулахад чиглэсэн арга хэмжээ нь энгийн ойлгомжтой байхаас гадна иргэд олон нийтийн ашиг сонирхолд нийцсэн байх учиртайг тусгажээ. Хэмнэлтийн хуулинд бага зардлаар өндөр үр дүнтэй ажиллах, ингэхдээ төрийн үйлчилгээний чанар хүртээмжийг бууруулахгүй байх гэх мэт олон асуудлыг нарийн тодорхой зааж өгсөн.


Төрийн өмч хөрөнгийг хэмнэж, үр ашигтай зарцуулахад чиглэсэн тусгайлсан хуультай болсноор  сахилга бат, хариуцлагыг төлөвшүүлэх нэг алхам болж байна гэж харж болно. Албан тушаалтнуудын автомашины хэрэглээг хуулиар хязгаарлаж, төрийн албан хаагчийн ажлын өрөө, тавилга хэрэгслийг хүртэл нийтлэг жишигтэй болгох гэх мэтээр хатуухан гэж хэлж болох олон заалт энэ хуулинд байна.   


Агаарын тээврийн хэрэгслээр албан ажлаар зорчихдоо энгийн зэрэглэлээс бусад ангиллаар зорчихгүй байх, цалин хөлс, мөнгөн тэтгэмж, бусад хангамжийг ч хуулийн дагуу аль болох тооцоололтой хэлбэрээр олгодог зарчим үйлчилж эхлэх нь. Ингэснээр төрийн албан хаагчийн эрх ямбад хязгаар тогтоож, шударга хандлага төлөвшүүлэхэд нэг талаасаа хөшүүрэг болох сайн талтай.


ТӨСВИЙН МӨНГӨӨР БАЯР ТЭМДЭГЛЭХГҮЙ

Төрийн хэмнэлтийн тухай хуульд бүх төрийн албан хаагч, төсвийн байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит компаниуд тэдгээрийн албан хаагчид, бүх шатлалын төсөв сангууд, төсөвт авсан зээл тусламжийн эх үүсвэр хамаарна гэж заажээ. Түүнчлэн төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлдэг төсөл арга хэмжээг тодорхой шалгууртай санхүүжүүлдэг болоход энэ хууль чухал үүрэг гүйцэтгэх нь. Тухайлбал, улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр хөшөө дурсгал барьж байгуулахгүй байх, урсгал зардлын шинжтэй төсөлд зарцуулахгүй байх, улсын төсвийн болон орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэх ажлууд тодорхой заагтай байх ёстойг хуульчлаад байна.


Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авахаас өгсүүлээд баяр ёслол, байгууллагын ой, тэмцээн уралдааныг ч хэмнэлтийн хуульд нийцүүлэн зохион байгуулдаг, дэг журамд захирагддаг болох юм. Улсын төсвөөс аж ахуйн шинжтэй хөрөнгө оруулалтыг хийж болохгүй гэж хуульчилснаар дурын нэг хөшөө, орон сууцны дээврийн засвар зэрэгт төсвөө зарцуулаад байх нь мэдээж утгагүй хэрэг.

 

Чиг үүргийн давхардалтай, эсвэл чиг үүрэг ойролцоо төрийн болон орон нутгийн өмчийн байгууллагуудыг нэгтгэх, татан буулгах зэргээр удирдлагын зардлыг хэмнэх, орон тоо, цалин хөлсний төлөвлөлт хяналтыг боловсронгуй болгоно. Ингэснээр төсвийн зарлагыг хязгаарлаж, хэмнэлтийг бий болгодог эмх цэгцтэй зарчим үйлчилж эхэлнэ.  


Мөн хуулийн үйлчлэлд хамаарах бүх байгууллагын дэд, орлогч даргын орон тоонд хязгаарлалт тавих, суудлын автомашин болон дүрэмт хувцас хэрэглэх нөхцөл, албан томилолтоор ажиллах үед хориглох зүйлс, албан тушаалтны хангамж зэргийг тодорхой стандарттай болгохоор заажээ. Үүнийг хэт хатуу дэг жаяг тогтоох оролдлого гэж зарим хэсэг нь үзэж байгаа ч цаашид хариуцлага, сахилга батыг бичигдсэн дүрмээр баримталж байх нь илүү шударга байх, шинэ соёл тогтох нэг боломж гэж харж болох юм.

 

ИЛҮҮ ЗАРДАЛГҮЙ, БҮТЭЭМЖ ӨНДӨРТЭЙ БАЙХ ЗАРЧИМ ҮЙЛЧИЛДЭГ БОЛНО

Төсвийн сахилга батыг сайжруулах, төсвийн мөнгийг үр ашигтай зарцуулах, ингэснээрээ орлого бий болгож байдаг зөв зарчимтай болох шаардлага манайд байсан. Эдийн засгийн хувьд үр нөлөө багатай, улсын төсвөөр хийх шаардлагагүй зүйл дээр хөрөнгө оруулалт хийгдэх тохиолдол их байдаг. Үүнийг хязгаарлаж, тооцоотой зарцуулалттай болох ёстой. Шинэчлэлийн шинжтэй сайн хуулийг богино хугацаанд баталж чадсан нь томоохон амжилт бөгөөд төр өөрөө чадварлаг, бүтээмж өндөртэй, илүү дутуу зардалгүй байхад энэ хууль чухал үүрэг гүйцэтгэх юм. 


Удирдлагын бүтэц хэт том, өөрөөр хэлбэл, хэрэгцээ шаардлагагүй удирдах албан тушаалтнуудын олон орон тоог цөөлөхөөр болсон бөгөөд хэмнэлтийн хуулиар 270 орчим дэд дарга, орлогч дарга, зөвлөх, дэд захирал гэсэн албан тушаалууд төрийн тусгай албанаас бусад байгууллагуудад байхгүй болж байна. Тэдгээрийн цалингийн санг улсын төсөв болон байгууллагын санд буцаан татахаар болсон. Энэ тухай,


- Хуульд тусгайлан заагаагүй бол тусгай чиг үүрэг хэрэгжүүлдэг Засгийн газрын агентлаг, УИХ-д ажлаа шууд тайлагнадаг байгууллагаас бусад этгээд дэд, орлогч даргатай байхыг хориглоно.


- Нийслэлийн Засаг дарга хоёр, аймаг, дүүрэг, сумын Засаг дарга нэгээс илүү орлогч даргатай байхыг хориглоно.


- Засгийн газрын агентлагийн дарга төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдэд зөвлөх чиг үүрэг бүхий орон тооны этгээд ажиллуулахыг хориглоно гэх мэтээр тодорхой заасан.


Дараа дараагийн удаа улсын төсвийн хөрөнгө оруулалтыг хийхдээ баримталдаг албан ёсны хуультай, тодорхой зарчимтай болж байна гэдэг ахиц. Хэмнэлтийн тухай хуультай болно гэдэг нь төр өмч хөрөнгөө хэмнэлттэй зарцуулах, хяналт тавих сайхан боломж төдийгүй, төрийн албан хаагчид, албан тушаалтнуудын сахилга хариуцлагын хэм хэмжээ зарчмын хувьд хуульчлагдаж байна гэсэн үг юм.


 

 

 

Холбоотой мэдээ