Арван мянган өрхийг төвлөрсөн дулаан хангамжид холбох ажил эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2022-05-05 15:34:09

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дэлхийн банк, Олон улсын хөгжлийн ассоциаци, Монгол Улсын Засгийн газар хамтран “Улаанбаатар хотын дулаан хангамжийн үр ашгийг нэмэгдүүлэх” 41 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн төслийг хэрэгжүүлж байна. 2021-2025 онд хэрэгжих тус төслийн барилга угсралтын ажлыг өнөөдөр ДЦС-3 ТӨХК дээр эхлүүллээ.


Тус төсөл хэрэгжсэнээр төрөөс эрчим хүчний салбарт баримтлах дунд хугацааны хөтөлбөрийн биелэлтийг хангах аж. Тодруулбал, нийслэлийн гэр хорооллын дахин төлөвлөлт, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу бий болох орон сууцны хороолол, нийгэм ахуйн барилга байгууламжуудыг дулааны эрчим хүчээр хангах техникийн боломжийг бүрдүүлэх юм. Мөн төвлөрсөн дулаан хангамжийн найдвартай ажиллагаа нэмэгдүүлнэ гэдгийг Эрчим хүчний сайд Н.Тавинбэх онцоллоо.




Зургаан дүүргийг хамарсан дулааны шугамыг шинэчилнэ.





Эрчим хүчний үйлдвэрлэл, хангамж, улс орны түрүүлж хөгжүүлэх шаардлагатай стратегийн салбарт хөрөнгө оруулалт, төсөл хөтөлбөрийн санхүүжилт дээр Засгийн газар онцгой анхааран ажиллаж байна. Улаанбаатар хотын хүн ам өсөн нэмэгдэхийн хэрээр дулааны эрчим хүчний хэрэглээ жилд дунджаар 5-6 хувиар тогтмол өсөж байна. Энэхүү төсөл бүрэн хэрэгжиж дуусахад 151 мегаватт буюу 10 орчим мянган айл өрхийн хэрэглээг төвлөрсөн дулаан хангамжид холбох техникийн боломж бүрдэж, 347 мегаваттаар дулааны эрчим хүчийг хэмнэх тооцоо судалгаа гарчээ.

Мөн дулаан хангамжийн үр ашгийг дээшлэн, дамжуулах шугам сүлжээний нэвтрүүлэх чадвар 1.5 дахин нэмэгдэж, системийн төгсгөлийн хэрэглэгчдийн дулааны эрчим хүчний чанар сайжирч, усны алдагдлыг 1.2 хувиар хэмнэх зэргээр байгаль орчин, нийгэм, эрүүл мэнд, эдийн засагт эерэг үр нөлөө бий болно.




Дээрх төслийн хүрээнд дулаан хангамжийн салбарт тогтвортой байдлыг хангах дэд бүтцийн ач холбогдолд төвлөрч сонголт хийсэн байна. Мөн түүхий нүүрс хэрэглэдэг халаалтын зуух болон уламжлалт галлагаат зуухыг аажмаар хэрэглээнээс халах боломж бүрдэх аж. Ингэснээр дулааны хэрэглээ халаалтын тогтвортой найдвартай ажиллагаанд шилжиж, тэр хэрээр агаарын бохирдлын хэмжээ буурна гэж тооцжээ. Төслийн хүрээнд энэ онд Хан-Уул дүүргийн 3 дугаар хороонд байрлах 2.8 км урт 5а магистраль шугам, Баянгол дүүргийн мөн 3 дугаар хороонд байрлах 1 км урт 3г магистраль шугамын барилга угсралтын ажлыг хийж гүйцэтгэх юм. 


Төслийн хэмжээнд Улаанбаатар хотын 6 дүүргийн 11 хорооны нутаг дэвсгэрт байрлах 12.8 км ашиглалтын хугацаа дууссан дулааны хуучин магистраль шугам, гурван насос станцын өргөтгөлийг шинэчлэх барилга угсралтын ажил хийх юм. 




Дэлхийн банкны суурин төлөөлөгч Андрей Михнев хэлэхдээ, Улаанбаатар хотын дулааны хангамжийн үйлчилгээг сайжруулах төслийн шугам хоолойн барилгын ажил эхэлж байна. Төслийн хүлээгдэж буй үр ашиг өндөр, төвлөрсөн дулаан хангамжийн шугам сүлжээг нэмэгдүүлж, үр ашгийг дээшлүүлэхэд оршиж байгааг онцоллоо. 



Гэрэл зургуудыг Н.Батбаяр

Холбоотой мэдээ