АНУ-ын үйлдвэрлэлийн бүтээмж 1947 оноос хойш хамгийн том уналтад оржээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ankhbayar.abr@yahoo.com
2022-05-06 13:52:26

ВАШИНГТОН. /Bloomberg/. АНУ-ын эдийн засаг хумигдахтай зэрэгцэн хөдөлмөрийн зардал өссөний улмаас энэ оны эхний улиралд АНУ-ын үйлдвэрлэлийн бүтээмж 1947 оноос хойш хамгийн ихээр буурсан байна.


Энэ нь тус улсад хөдөлмөрийн зах зээл маш ихээр хурцадмал байгааг харуулжээ.


АНУ-ын Хөдөлмөрийн яамнаас пүрэв гарагт нийтэлсэн тоо баримтаас үзэхэд, эхний улиралд хөдөө аж ахуйн бус салбарын ажилчдын нэг цагийн үйлдвэрлэлийн бүтээмж өмнөх сараас 7.5 хувиар буурсан байна.


Bloomberg агентлагийн санал асуулгад оролцсон эдийн засагчид 5.3 хувиар буурна гэж таамаглаж байжээ.


Өнгөрсөн оны 4 дүгээр улиралд үйлдвэрлэлийн бүтээмж 6.3 хувиар өссөн дүн гарч байсан.


Эхний улиралд нэг цагийн дундаж цалингийн хэмжээ 3.2 хувиар өссөн ч бүтээмж буурсантай холбоотойгоор нэгж хөдөлмөрийн зардал 11.6 хувиар өссөн байна.


Улмаар хөдөлмөрийн зардал 7.2 хувиар өссөн нь 1982 оноос хойших хамгийн том өсөлт болжээ.


АНУ-ын эдийн засаг эхний улиралд агшсан нь 2020 оноос хойш анх уналтад орсон тохиолдол болсон. Бизнес эрхлэгчид хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээг хангахын тулд бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний импортыг нэмэгдүүлж, улмаар худалдааны алдагдал нэмэгдсэн байна.


Тайланд дурдсанаар эхний улиралд эдийн засгийн бүтээмж 2.4 хувиар буурчээ. Бүтээмжийг тооцоолох өөр нэгэн хүчин зүйл болох ажилласан цаг 5.5 хувиар өсч, нэгж хугацаанд ногдох бүтээгдэхүүн өмнөх жилээс 0.6 хувиар буурчээ.


Ерөнхийдөө хөдөлмөрийн бүтээмж нэмэгдэх нь цалингийн өсөлтөөс үүдэлтэй инфляцийн нөлөөллийг арилгахад тустай байдаг.


Цалин хурдацтай нэмэгдэж байгаа ч инфляцийн хэмжээг гүйцэж чадахгүй байна. Эхний улиралд нэг цагийн бодит дундаж цалин 5.5 хувиар буурсан байна.      

Холбоотой мэдээ