Бүтээн байгуулалтын ажил өрнөж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2022-05-06 16:07:13

Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор сумын Засаг дарга Г.Энхбаяр, аймгийн ЗДТГ-ын Хөгжлийн бодлого төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Т.Хишигбаатар нар аймгийн төвд өрнүүлж буй бүтээн байгуулалтуудтай танилцав.


"Оготнотой булаг" орчимд энэ зун скэйбордын талбай, волейболын талбай, баруун талд 100 автомашины зогсоол, гарц, шат, гэрэлтүүлэг, явган зам, гүйлтийн зам, боловсон жорлон тус тус байгуулж, сул талбайг ногоон байгууламжтай хослуулан эко хавтангаар тохижуулахаар төлөвлөжээ. Ард иргэд, хүүхэд залуус үр бүтээлтэйгээр цагаа өнгөрүүлэх, эрүүлээр амрах, аялах, тоглох тухтай орчныг бүрдүүлэх ажлуудыг тус тусын ажил хариуцсан долоон бригад гүйцэтгэх аж. Огогтнотой булаг орчмын тохижилтын ажлууд 80 жилийн ойн өмнө ашиглалтад орно.



Баянхонгор сумын Номгон нэгдүгээр багийн 514 дүгээр /хуучнаар 25/ байрны засвар шинэчлэлт,  Дөвөнтийн заалны засвар шинэчлэлтийн ажил үргэлжилж байна. Байрны засварын хүрээнд дээвэр, гадна, дотор засал, гэрэлтүүлэг, бохирын шугамыг шинэчлэх ажлууд, Дөвөнтийн зааланд дээвэр, заалны дотор засал, шал, дотор цахилгаан, шугамын хоолой шинэчлэх засвар тохижилтыг хийж байна. Дээрх засварын ажлыг орон нутгийн төсвийн 750 сая төгрөгийн төсвөөр гүйцэтгэж байгаа юм.



Цэнгэлдэх хүрээлэнгийн зүлэг тойруулан олон улсын стандарт хангасан зориулалтын 400 метрийн гүйлтийн замыг орон нутгийн хөгжлийн сангийн 150.0 сая төсвийн өртгөөр тавихаар талбайн ажлыг эхлүүллээ.



Баянхонгор аймгийн Онцгой байдлын газрын уулзвараас Хөдөө аж ахуйн газар хүртэл буюу Шинэ төгөл хотхоны урдуур орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар 750 метр авто зам тавих ажлыг эхлүүлэв.

Холбоотой мэдээ