Монголын анхны автомашины үйлдвэр нээгдлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2022-05-06 17:25:26

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Барс Мотор” компани цахилгаан автомашин угсрах үйлдвэрээ нийслэлийн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт өнөөдөр нээлээ. Энэ нь Монголын анхны автомашины үйлдвэр юм.


Тус компани 2 жилийн өмнө Монголын анхны автомашин МОZO нэртэй дунд оврын жийп автомашиныг үйлдвэрлэн танилцуулж автомашины зах зээлд оролцож эхэлсэн. Өдгөө MOZO автомашин Монгол орны байгаль цаг уурт тохирсон, хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлагад нийцсэн автомашин болж чадсан юм. Тэгвэл тус компани үйлдвэрлэлээ БНХАУ-аас шилжүүлэн өргөжүүлж эх орондоо ийнхүү нээж байна. Тус үйлдвэр нь блокчейн технологи дээр суурилсан Монголын хамгийн анхны цахилгаан автомашин болох HERO /High Electric Renewable Orbit/ автомашины үйлдвэр юм.



Барс Моторс компани үйлдвэрлэлээ өргөтгөж буй явдал нь Монголын автомашины анхны үйлдвэр бий болон хөгжихөд томоохон түлхэц болж буйг компанийн удирдлага онцолж байна.


Тус үйлдвэр мөн 1000 гаруй монголчуудын итгэл дээр үндэслэн блокчейн технологи дээр суурилсан 5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг татаж босгож буйгаар онцлогтой юм. Монголын хамгийн анхны цахилгаан автомашин үйлдвэрлэх төслийг 3 сарын хугацаанд хөгжүүлж, энэ оны 2 дугаар сарын 26-нд нийслэлд “Шанги-Ла” зочид буудалд анхны автомашинаа олон нийтэд танилцуулсан тус компанийнхан өнгөрсөн 3-4 дугаар сард Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Архангай аймгуудаар аялал зохион байгуулж эх орны автомашинаа хэрэглэгч нарт танилцуулжээ


Барс Моторс ХХК-ийн үйлдвэр Монголын үндэсний үйлдвэр учир энд дотоодын их, дээд сургууль, коллеж, МСҮТ-д инженерийн мэргэжлээр суралцаж байгаа оюутан залуучуудад дадлага хийх, үйлдвэрт ажиллах боломж нээлттэй аж.

Тус компанийн үйлдвэрлэсэн цахилгаан автомашин нь оff road ангилалд багтдаг, туулах чадвар сайтай учир хөдөө, орон нутагт зорчигч нарт, мөн малчдын хэрэгцээнд 100 хувь нийцнэ гэдэгт итгэлтэй байгааг үйлдвэрийн удирдлага илэрхийлж байна. Цаашид мөн малчдын хэрэгцээнд нийцсэн, өөрийн эх орны мотоциклийн төслийг танилцуулахаар туршилтын ажил үргэлжилж буйг дуулгалаа.


Тус компани ирэх оны эхээр IPO гаргах бэлтгэлээ базааж эхэлсэн бөгөөд 2024 онд олон улсын хөрөнгийн бирж дээр IPO гаргах томоохон зорилго тавин ажиллаж байна. IPO гаргах зорилтынхоо хүрээнд 2022 онд PRE-IPO шатны хөрөнгө оруулалтанд зөвхөн үндэсний хөрөнгө оруулагчид хөрөнгө оруулах боломжийг олгож байгаа аж. 


“MOZO” нь блокчейн технологи дээр суурилсан Монголын анхны ухаалаг автомашин болсноор уг машины эд ангийн үйлдвэр, тээвэр, угсрах үйлдвэр, худалдаа, машин эзэмшигч, автомашины бүртгэл нь хоорондоо цахимаар холбогдож мэдээллийн нэг сан бүрдүүлнэ. Тодруулбал, автомашин үйлдвэрлэлийн блокчейн гэдэг нь үйлдвэрлэлд оролцож буй нийлүүлэгч, угсралт, дилерүүд зэрэг бүх оролцогчийг технологи, эд ангиудын талаарх мэдээллээр хангаж, нэгдсэн мэдээллийн сантай болж, ингэснээр олон серверт тархаан байршуулах аж. Олон төхөөрөмж нэгэн зэрэг бүртгэл явуулснаар шаардлагатай технологи, эд ангиудын мэдээллийг хөндлөнгийн хэн нэгэн өөрчлөх, солих боломжгүй гэсэн үг.


Монголын анхны автомашины нэр “МОЗО” (“MOZO”) гэдэг Монголын Оюунлаг Зон Олон гэсэн утгатай аж. 


Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд