ЕХ агаарын тээврээр зорчихдоо амны хаалт зүүх журмыг сулруулна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
БРЮССЕЛЬ. /BBC/. Европын Холбооны /ЕХ/ орнууд ирэх даваа гаргаас эхлэн нислэгийн үеэр болон нисэх буудалд амны хаалт зүүх шаардлага
тавихгүй байхаар болжээ.
Энэхүү шийдвэр нь
Европ даяар нийтийн тээврийн хэрэгслүүдэд мөрдөх “COVID-19”-тэй холбоотой бодлогууд өөрчлөгдөж байгаатай
нийцэж байгаа талаар ЕХ-ны Нисэхийн аюулгүй байдлын агентлаг /EASA/ мэдээлсэн байна.
АНУ-ын зарим
агаарын тээврийн компанийн хувьд холбооны шүүх Засгийн газрын амны хаалт зүүх
журмыг хүчингүй болгосны дараа дээрхтэй ижил шийдвэрийг гаргасан юм.
Гэхдээ ЕХ-ны Нисэхийн
аюулгүй байдлын агентлаг амны хаалт зүүх журам “агаарын тээврийн компаниасаа
хамааран өөр хоорондоо ялгаатай хэвээр байна” гэдгийг мэдээлжээ.
“Ирэх долоо
хоногоос агаарын тээврээр зорчихдоо амны хаалт заавал зүүх шаардлагагүй болно.
Энэ нь Европын орнуудын холбогдох байгууллагын өөрчлөгдөж буй шаардлагуудтай
нийцэж байна. Халдвар хамгааллын арга хэмжээнүүдийг сулруулах боломжтой цаг ирж
байгаад баяртай байна” гэж “EASA”-ийн гүйцэтгэх захирал Патрик Кай мэдэгджээ.
Гэхдээ энэхүү
удирдамжид Европын Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвийн /ECDC/
анхааруулах зөвлөмжийг мөн тусгажээ.
Тус байгууллагын дарга Андреа Аммон хэлэхдээ, амны хаалтыг заавал зүүх
шаардлагагүй болж байгаа ч зай барих, гарын ариун цэврийг сайтар сахихтай хослуулах
нь халдварын тархалтыг бууруулах хамгийн сайн арга гэдгийг тодотгожээ.