Говь-Алтай аймагт нэг сувилагчид ноогдох хүний тоо 219 байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2022-05-12 15:53:39

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн Эрүүл мэндийн газраас “Сувилагчдын бие даасан байдал-Сувилахуйн тусламж үйлчилгээний чанар аюулгүй байдлыг сайжруулъя” уриан дор Олон улсын сувилагч, Эх баригчдын өдрийг тэмдэглэн өнөөдөр хүндэтгэлийн хурал зохион байгуулж байна. 

Баярын хуралд Говь-Алтай аймгийн Засаг даргын орлогч Г.Чинбат, Эрүүл мэндийн газрын дарга Г.Лхагважаргал, АШУҮИС-ийн Говь-Алтай аймаг дахь Анагаахын сургуулийн анхны сувилахуйн багш Ц.Жавзан болон холбогдох албаны төлөөллүүд оролцож, сувилагч тусгай мэргэжилтнүүдэд мэндчилгээ дэвшүүлж, ажлын амжилт хүслээ.

ЭМГ-ын дарга Г.Лхагважаргал хэлсэн үгэндээ:

“Өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж, хичээн ажиллаж буй сувилагч, тусгай мэргэжилтнүүд болон энэ сайхан мэргэжлээр ажиллаж байсан үе үеийн ахмадууддаа Олон улсын сувилагч, тусгай мэргэжилтний эрхийг хамгаалах өдрийн баярын мэнд хүргэе. Сувилагч, тусгай мэргэжилтний ажил мэргэжлийг сурталчлах, эрдэм шинжилгээ судалгааны ажлыг дэмжих олон талт ажлуудыг жил бүр зохион байгуулж ирсэн. Энэ жил ЭМЯ-наас “Сувилагчдын бие даасан байдал-Сувилахуйн тусламж үйлчилгээний чанар аюулгүй байдлыг сайжруулъя” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэхээр шийдвэрлэсэн. Энэхүү ажлын хүрээнд сувилагч, тусгай мэргэжилтний дунд эрдэм шинжилгээний хурал, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх хэлэлцүүлэг мөн урлаг, спортын тэмцээнүүдийг амжилттай зохион байгууллаа.

Говь-Алтай аймагт нийт 555 сувилагч, тусгай мэргэжилтэн эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа нь салбарын нийт ажилчдын 53 хувийг эзэлж байна. Хүн ардынхаа эрүүл мэндийн төлөө цаг наргүй эмчийн үнэнч туслах, баруун гар болсон сувилагч, тусгай мэргэжилтнүүд та бүхэндээ баярын мэнд хүргэж, ажлын амжилт хүсье” гэлээ.

Мөн үеэр эрхэлсэн ажилдаа амжилт гаргасан сувилагч, тусгай мэргэжилтнүүдийг эрүүл мэндийн салбарын шагналаар шагнасан юм. Баярын хурал Ардын дуу бүжгийн "Алтай" чуулгын уран бүтээлчид, авьяаслаг сувилагчдын хамтарсан хүндэтгэлийн тоглолтоор үргэлжилж байна. 

Аймгийн хэмжээнд 2021 онд 267 сувилагч байна. Үүний 92,5 хувь нь эмэгтэй, 7,5 хувь нь эрэгтэй байгаа аж. Харин нэг сувилагчид ноогдох хүний тоо тус аймагт 219 байгаа бол баруун бүсэд 261, улсын хэмжээнд 244 байдаг байна. Сувилагчийн насны бүлгээр авч үзвэл 29 хүртэлх насныхан 20 хувь, 30-39 насныхан 34 хувь, 40-49 насныхан 34 хувь, 50-аас дээш насныхан 12 хувийг эзэлж байгаа тухай Говь-Алтай аймгийн Статистикийн газраас мэдээллээ.

Холбоотой мэдээ