Финланд улс НАТО-д гишүүнээр элсэх хүсэлтээ ирэх долоо хоногт өгнө

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2022-05-13 12:19:55

ТОКИО. /NHK/. Финланд улс НАТО-д элсэх хүсэлтээ ирэх долоо хоногт албан ёсоор өгөхөөр төлөвлөж байна. Энэ тухай тус улсын Гадаад хэргийн сайд Пекка Хаависто "NHK" телевизэд ярилцлага өгөхдөө мэдэгджээ.


“Хэрэв парламент баталбал, бид ирэх долоо хоногийн дундуур албан ёсоор өгнө. Швед улс ч мөн НАТО-д элсэх хүсэлтээ ирэх долоо хоногт өгөх асуудлыг хэлэлцэж байна" гэж тэрбээр хэлсэн байна. 


Финланд ОХУ-тай залгаа хилийн бүсэд ямар ч нөхцөл байдалд бэлэн байгаа хэдий ч тэнд тайван байхыг хүсэж байна гэж сайд тэмдэглэсэн байна. Хаависто ОХУ-ыг Финландын хувьд "чухал хөрш" гэж тодорхойлсон ч Украины эргэн тойронд үүссэн нөхцөл байдлын улмаас хоёр улсын харилцаа ярвигтай болсон гэж мэдэгджээ. 


Финланд улс НАТО-д элсэх хүсэлтээ аль болох хурдан өгөх ёстой гэж тус улсын Ерөнхийлөгч Саули Ниинистё, Ерөнхий сайд Санна Марин нарын пүрэв гарагт хийсэн хамтарсан мэдэгдэлд дурджээ. Албан ёсны шийдвэр ням гарагт гарах төлөвтэй байна. 

Холбоотой мэдээ