Эрүүл мэндийн салбарт ирсэн санал гомдлыг 97.2 хувьтай шийдвэрлэжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2022-05-13 12:26:09

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвд иргэдээс Эрүүл мэндийн салбарт хаяглан ирүүлсэн санал, гомдлын шийдвэрлэлтийн талаар Эрүүл мэндийн яамны удирдлагууд мэдээллээ.


Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг, Бодлого төлөвлөлтийн газрын дарга Б.Буянтогтох, Эмнэлгийн тусламж үйлчилгээний газрын дарга Ж.Нарангэрэл, Нийтийн эрүүл мэндийн газрын дарга Д.Баярболд нар энэ сарын 9-нд Засгийн газрын Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвд ажиллаж, иргэдтэй биеэр уулзаж асуудлыг газар дээр нь шийдвэрлэж ажилласан.

Тус төвд 2021 оны байдлаар Эрүүл мэндийн яамны харьяа 5 эрүүл мэндийн байгууллага (УНТЭ, УГТЭ, ГССҮТ, ЭХЭМҮТ, ХӨСҮТ)-ыг холбож, иргэдийн өргөдөл, гомдлыг хүлээн авч ажиллаж байсан бол 2022 оны байдлаар 6 эрүүл мэндийн байгууллага (УХТЭ, СЭМҮТ, ХСҮТ, Өргөө, Хүрээ, Амгалан амаржих газар)-ыг тус төвд нэмж холбон, нийт 11 эрүүл мэндийн байгууллагад иргэдийн өргөдөл, гомдлыг шууд хүлээн авч , шуурхай шийдвэрлэжээ. Иргэдийн өргөдөл гомдлыг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногт багтаан шийдвэрлэдэг. Шаардлагатай тохиолдолд уг хугацааг тухайн байгууллагын удирдах албан тушаалтан 30 хүртэл хоногоор нэмж сунгаж болно. Хугацаа сунгасан тухай өргөдөл, гомдол гаргагчид мэдэгдэнэ. Мөн саналын шинжтэй өргөдлийн хариуг 90 хоногт багтаан өгөхөөр зохицуулсан байна. 

Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвд өнгөрсөн сард эрүүл мэндийн салбартай холбоотой нийт 238 өргөдөл, гомдол хүлээж авснаас 233 өргөдөл, гомдлыг хуулийн хугацаанд 97.2 хувьтай шийдвэрлэж, шийдвэрлэжээ.
Нийт хүлээж авч шийдвэрлэсэн  өргөдөл, гомдлын 77.7 хувь нь гомдол, 7,3 хувь нь санал, 4.3 хувь нь хүсэлт, 10.7 хувь нь талархал байна.
 11-11 төвд ирсэн санал гомдлын гуравдугаарт нь эрүүл мэндийн салбартай холбоотой санал гомдол эзэлж байна. Үүнтэй холбоотой Эрүүл мэндийн салбар иргэддээ хийж буй зүйлсээ тайлагнаж байх, шилэн байх, тусламж үйлчилгээтэй холбоотой санал гомдлыг шийдвэрлэх ажлын хүрээнд сар бүрийн дөрөв дэх долоо хоногт ийнхүү хэвлэлийн хурал зохион байгуулахаар болжээ. Үүгээр ЭМЯ-ны удирдлагууд тухайн сард гарсан санал, гомдлын шийдвэрлэлт, салбарын тулгамдсан асуудал зэргийг мэдээлэх юм.



Холбоотой мэдээ