Цагаан суваргын аялал танд гайхалтай мэдрэмжийг өгнө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2022-05-17 11:05:59
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Аяллын цаг айсуй. Өглөө нар мандахтай уралдаж, их говийн үзэсгэлэн шавар ханан хавцал, эрт галавын их далайн эрэг, суварган цав дээр зургаа татуулж, байгалийн нэгэн гайхамшгийг мэдрэхийг та хүсч байна уу? Цагаан суваргын аялал танд гайхалтай тайвшрал, мэдрэмжийг өгч чадна.

Цагаан суварга бол сэтгэл татам, үзэсгэлэнтэй

Цагаан суварга говь нутгийг байтугай Монгол Улсыг дэлхийд гайхуулахаар тийм л үзэсгэлэнтэй энэхүү хайрхан бол Дундговь аймгийн Есөн гайхамшгийн нэг,  их говийн үзэсгэлэн төгс суварган цав юм. Энд жилдээ дунджаар 50,0 мянган жуулчин ирдэг.

Энэ хайрхан Өлзийт сумын нутагт, аймгийн төвөөс урагш 156 км-т оршино. Ямар нэг уул, хайрхан, суварга нь аль ч талаасаа харагддаг бол Цагаан суварга тийм биш. Урд талаасаа тэгш тал явсаар огцом цав болно. Баруун талаасаа алсаас өгсүүр дүнхэр зооны дээр гараад зүүн тийш тольдоход өмнө нь хаана ч харж байгаагүй тийм гайхамшгийг та тольдох болно.

Олон жилийн өмнө далайн ёроолд байсан лаг шаврын давхарга нар салхины улмаас ийм хэлбэрийг олсон гэх. Мөргөцгийн өндөр нь 60-аад метр бөгөөд өргөөшөө нийтдээ 400-гаад метр үргэлжилдэг. 90 хэмийн эгц эрэгтэй.

Алсаас харахад Цагаан суварга хот балгадын туурь, байшин барилга мэт сүндэрлэдэг. Нар мандахыг тэндээс харвал өнгө өнгийн солонгон дунд умбаж, эрт галавын үед очсон шиг тийм амар амгаланг мэдэрч, сайхан мэдрэмж авдаг. Нутгийн иргэд Цагаан суваргыг “энергийн төв” ч гэж тодорхойлох нь бий.


Аялагчид өөр юуг үзэж сонирхох вэ?

Цагаан суваргаас зүүн тийш долоон километрт, намхан толгодын дунд Хэвтээ босоогийн агуй бий. Энэ агуйг Цагаан суварга руу ирсэн хэн бүхэн очиж үздэг. Энэ агуйн урт нь 50 метр үргэлжилдэг. Онцлог нь агуй руу орохдоо босоогоор орох бөгөөд агуйн өндрийн хэмжээ намссаар гарч ирэхдээ бараг хэвтээгээрээ гарах шаардлага үүсдэг юм.

Уг агуй нь наанги шаварт уруйн усны элэгдлээр үүссэнээрээ агуй судлаачдын сонирхлыг татдаг бөгөөд Э.Авирмэд докторын тодорхойлсноор 102 метр урт, 204 м/кв талбайтай томоохон агуй аж.

Түүнээс гадна аялагчид Хөх цав, Дэл уулын хадны сүг зураг, бичээс, нарийн өндөр хадан хавцлаар гарч, шилийн сайн эрийн нутаглаж байсан домогт газар болох Дөрөө хангинах, Хонгор хайрхан зэрэг байгалийн болон түүхийн дурсгалт газруудтай танилцаж, амрах боломжтой юм.

Их говийн үзэсгэлэн, гайхамшигт үлгэрийн орон гэмээр шавар ханан хавцал, уран сүмбэр шавар товцог, эрт галавын их далайн эрэг ирмэг, өргөн их говийн үзэсгэлэн төгс суварган цав, 70 метр урт үргэлжлэх хэвтээ босоогийн агуй, говь нутагт ховорхон тохиолдох хайлаасан төгөл, элсэн манхан ирсэн зочин бүрийн нүдийг баясгаж, сэтгэлийг татдаг.

Дэл уулын гайхамшгийг үзээрэй

Цагаан суваргаас урагшаа 60 орчим км-т Дэл, Хөнжлийн уул бий. "Монгол орны лавлах" эмхэтгэл номд толилуулснаар Дэл уул нь Дундговь аймгийн Өлзийт сумын Тагт багийн нутагт байх, баруунаас зүүн тийш 17 километр, хойноос урагш 8 километр сунаж тогтсон, жижиг жижиг дэл маягийн хаднуудаас бүрдсэн уул. Өмнөговь аймгийн Манлай, Цогтцэций сумын хилийн зааг дээр урд хэсгээрээ “Хөнжил”-ийн уул, хойд хэсгээрээ байгалийн үзэсгэлэнт газар Цагаан суваргатай залган оршдог аж.

Энэ бол хадан зургийн галарей гэмээр эртний зургийн томоохон дурсгалуудын нэг. Хадны зураг бол түүх, урлаг хоёрын хосолмол нандин бүтээл юм. Судлаачдын үзэж байгаагаар Дэл ууланд Монголд байгаа хадны зургийн бүх төрөл жанр байдаг бөгөөд түүний нэг хэсэгхэн газар хүн төрөлхтөн сүүлийн 15 мянган жилд хоорондоо мянга мянган жилийн зайтай 5 удаа 5000 орчим зураг хадан дээр зурж үлдээснийг “Дэл уулын гайхамшиг” ТББ-ын тэргүүн Б.Батмөнх танилцуулдаг.

Өөр нэг онцлог нь зургийн хэв маяг нь маш өвөрмөц, мөн бусад газрынхаас илүү уран хийцтэй байдаг бөгөөд Дэл уулын хадны зурагтай тухайн хэсгийн байгаль маш сонин тогтоцтой, ховор ан амьтан,  ургамалтай гэх мэт онцлогтой аж.

Хоорондоо арваадхан км зайтай Дэл, Хөнжил, Буурал угалз гэсэн чандмалсан гурван уул байдаг. Энэ гурван уулын дундаас үеийн үед олон ухаантан мэргэд, лидерүүд, шилдгүүд төрөн гарч байсныг нутгийн ардууд онцлон ярьдаг юм.


Хэрхэн хүрэх вэ?

Улаанбаатараас Дундговь аймгийн төв Мандалговь хот хүртэл 270 км хатуу хучилттай замаар явж, тэндээ хооллож, амарч болно. Тэндээс Мандалговь-Даланзадгад хатуу хучилттай замаар 144 км яваад замын тэмдэглэгээний дагуу зүүн урагшаа салж, 28 км давхиад Цагаан суваргад ирнэ.

Энэ аялал таныг цааш нь Хэвтээ босоогийн агуй, Хөх цав, Дэл уулын хадны сүг зураг, бичээс, нарийн өндөр хадан хавцлаар гарч, шилийн сайн эрийн нутаглаж байсан домогт газар болох Дөрөө хангинах, Хонгор хайрхан зэрэг байгалийн болон түүхийн дурсгалт газрууд руу хөтлөх болно.

Цагаан суварга байгалийн энэ үзэсгэлэнт газрыг түшиглэн Цагаан суварга, Говь суварга болон Gobi Caravan Serai жуулчны баазууд үйл ажиллагаагаа явуулдаг.


Буцахдаа “Бага газрын чулуу”-ны уулнаа тухлаарай

Тавиур дээр давхарлаад тавьчихсан, зүссэн ааруул мэт харагдах, өвөрмөц, сонин, содон хайрхан Дундговь аймагт бий. Энэ бол тус аймгийн Есөн гайхамшгийн нэгээр тодорсон Бага газрын чулуу хэмээх үзэсгэлэнтэй сайхан байгаль юм. Түүний ноён оргил бол Тахилгын хавцал. Далайн түвшнээс дээш 1768 метр өндөрт өргөгдсөн, сүрлэг өндөр хаданд нь аргаль янгир бэлчих нь бий.

Энд сонин хэлбэртэй хад цохио элбэг. Ажиглаад явбал бүхий л зүйлийн амьтныг нэрлэж болно.

Бага газрын чулуу аймгийн төвөөс баруун хойш, Сүм хөх бүрдээс холгүй Дэлгэрцогт сумын төвөөс баруун хойш 37 км зайд оршдог, эргэн тойрон тэгш талаар хүрээлэгдсэн, боржин чулуун бүс бөгөөд 300 км.кв талбайтай.


Чулуун уулын ам, хоолой, хөндийд олон булаг шанд урсахаас гадна эртний булш, хиргисүүр, хадны сүг зураг, хөшөө дурсгалууд нэлээд байдаг.

Сөдөтийн ам хэмээх улиасан шугуйтай хавцал, Жаргалантын агуй, Нүдний рашаан, Тахилгын хавцал, Гэр хад, Хүннүгийн үеийн булш гэх мэт үзэх зүйл олон бий.

Гэр чулуу хэмээх хаданд олон янзын зураг сийлсэн байдгийн дотор хоёр янгирыг олсоор оосорлон барьсан хүний зураг нь хүрэл зэвсгийн сүүл үед хамаарах ажээ. Гэр чулуунаас холгүй орших өндөр хаданд хоёр том бугын зургийг бодит хэмжээ буюу 170 см урттай, 90 см өндөртэйгөөр дүрсэлсэн байдаг нь хэн хүний сонирхол татна.

Бага газрын чулуунд очсон аялагчид, жуулчид, амрагчид Сөдөтийн аманд буудаллах дуртай. Энэ аманд урьд өмнө сөд өвс элбэг ургадаг байсан учраас ийнхүү нэрлэсэн гэдэг.

Сөдөтийн амны чулуун хавцал дунд ургасан улиасан төгөлийн дунд 300 гаруй жилийн өмнө хоёр лам даяанчлан сууж, тус тусын гэрийг барихдаа уулын бяцхан горхийг гэрийнхээ дундуур урсаж байхаар байрлуулж, гэрээсээ гаралгүй ус авч цай хоолоо зэхдэг байсан бөгөөд лам нарыг өөд болоход нь туурвисан бүтээлүүдтэй нь зэрэгцүүлэн эл хавьд бунхалсан гэх домог байдаг.

Сөдөтийн аманд очсон аялагчид нэгэн хийдийн туурь байхыг үзэж сонирхох дуртай. Энэ бол Ловончамбын хийдийн туурь юм. Мэргэн мөр хэмээн алдаршсан цорж лам бясалгал хийх үүднээс эл сүмийг бариулсан гэдэг. Хожим XX зууны эхэн үед шарын урсгалын төлөөлөгч, эрдэмтэн лам Зава Дамдин хэсэг суурьшин бүтээл туурвиж байжээ.

Сөдөтийн амнаас 1 км зайд орших 18 метр урттай агуй бол Жаргалантын агуй юм. 


Бага газрын чулуунд ирсэн хүн бүр Сөдөтийн амнаас баруун тийш нэг км зайд орших нүдний рашааныг андахгүй. Зориуд өрөмдсөн юм шиг 50 см гүн нүхний амсраар доош харахад доор нь рашаан урсаж байдаг. Нүхний голч нь 7 см тул утсаар дүүжилсэн жижигхэн шанагаар рашаанаас утган авч нүдэндээ түрхдэг. Энэ нутгийнхан нүдний аливаа эмгэгт сайн хэмээн шүтэж иржээ.

Байгалийн үзэсгэлэнт энэ газрыг түшиглэн Алтанцант, Баянбулаг, Эрдэнэ-Ухаа, Багзрын чулуу жуулчны баазууд үйл ажиллагаагаа явуулдаг ба жуулчдад морь, тэмээгээр аялах, монгол ёс уламжлалаа сурталчлан таниулах ажлуудыг зохион байгуулдаг.



Холбоотой мэдээ