Технологийн тэргүүлэх компаниудад ажиллаж буй залуус туршлагаа хуваалцана

Монголын мэдээ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2022-05-19 15:02:38

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гадаад харилцааны яам, Хилийн чанад дах монголчуудын зөвлөл, Цахим Өртөө Холбоо ТББ хамтран “Монгол орны хөгжилд” XVII чуулганыг энэ оны долоодугаар сарын 3-нд зохион байгуулна.


“КОВИД-19” цар тахал дэлхий дахинаа эдийн засгийн удаашрал, хил дамнасан логистикийн хүндрэл дагуулсан ч нөгөө талдаа технологийн салбарыг хурдацтай хөгжүүлсэн. Хиймэл оюун ухаан, блокчейн болон бусад технологи улс, үндэстэн бүрт гарааны ижил нөхцлийг бүрдүүлж буй энэ цаг үед дэлхий дахинаа 2020-2021 онд технологийг хөгжүүлэх хөрөнгө оруулалт дээд хэмжээнд хүрсэн байна. Монгол Улс ч цахим шилжилтэд тун ач холбогдол өгч Цахим бодлогын хороо, Цахим хөгжил, харилцаа холбооны яамыг байгуулаад буй юм.


Иймд олон улсад өрсөлдөхүйц технологийн системийг бүрдүүлэх, хувийн хэвшлийн оролцоо, төрийн дэмжлэгийн зохицуулалтыг тодорхойлох үүднээс уг чуулганыг “Хилийн чанад дахь монголчуудын технологийн чуулган” сэдвийн хүрээнд зохион байгуулах аж. Чуулганд гадаадын технологийн тэргүүлэх компаниудад ажиллаж буй залуус оролцож туршлага хуваалцах юм.


Чуулганд оролцох хүсэлтэй иргэн, аж ахуйн нэгж www.md-forum.org болон Цахим Өртөө ТББ-ын https://www.facebook.com/TsahimUrtuuNetwork хаягаар дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой аж. Мөн  энд дарж бүртгүүлэх боломжтой юм.

Холбоотой мэдээ