ТОП-100 ААН-үүдийн орлого 2.8 их наяд төгрөгөөр өсжээ

Монголын мэдээ | УЛС ТӨР
192@montsame.mn
2022-05-23 11:30:35

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газар, бизнесийн төлөөллийн байгууллага МҮХАҮТ-аас жил бүр хамтран зохион байгуулдаг ТОП-100 ААН-ийг эрэмблэн нийгэм, олон нийтэд өргөмжлөн алдаршуулдаг хүндэтгэлийн үйл ажиллагаа Төрийн ордны ёслолын өргөөнд албан ёсоор эхэллээ.

Монгол Улсын эдийн засгийн гол ачааг нуруундаа үүрч буй шилдэг ААН-үүдэд цом гардуулах ёслолыг ажиллагааг МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин нээж хэлэхдээ, “2021 оны ТОП-100 ААН-ийн борлуулалтын орлого өмнөх оноос 2.8 их наяд төгрөгөөр өсөж, 35.4 их наяд төгрөгт хүрсэн”-ийг онцоллоо. Энэ нь ДНБ-ийн 80 хувьтай дүйцэж буйг тэрбээр тодотгов. 





Мөн ажиллагчдын тоо 8.3 мянгаар нэмэгдэж, 99 мянгад хүрчээ. Энэ нь нийт ажлын байрны 8.8 хувийг эзэлж байна. Нийт төлсөн татварын хэмжээ өмнөх оноос 26 хувиар өсөж, 5.3 их наяд төгрөгт хүрсэн амжилтаар өнгөрсөн оныг үдсэнийг тэмдэглэн хэлж байна. Эдийн засаг, бизнесээ сэргээхэд амаргүй жилүүдийг туулж, ажлыг байрыг хадгалж, хөрөнгө оруулалт хийн, бүтээн байгуулалтыг эхлүүлж, баялаг бүтээн, үйл ажиллагаагаа тасалдуулалгүй, улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд үнэтэй хувь оруулан нэлээдгүй хүнд сорилыг давж ирснийг онцоллоо. 




Монгол Улсын 2021 оны ТОП-100 аж ахуйн нэгжийг тодруулах ёслолд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож, ТОП-5 АА-ийн удирлагуудад хүндэтгэл үзүүлэн, өргөмжлөл гардуулав. Тэрбээр хэлэхдээ, бид ковидын цар тахлын хүнд нөхцөлийг даван туулж байна гээд, энд улс орны хөгжлийг түүчээлж, татварын орлогыг бүрдүүлэн ажлын байрыг бий болгож буй баялаг бүтээгч нарт талархал илэрхийлэв. Хүнд өдрүүд шинэ боломжийг бий болгодог шиг шинэ өөрчлөлтийг шаардаж буйг онцолж, Засгийн газраас дэвшүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг тууштай авч явахаа дахин мэдэгдэж, энэ хүрээнд шинэ бүтээн байгуулалтын зууны 30 жилийг хамтдаа эхлүүлье. Эдийн засгийн шинэ бодлогын үндсэн зарчим иргэн, ААН, хөрөнгө оруулагч нарын идэвхитэй оролцоонд тулгуурлан эдийн засгаа тэлж, шинэ суурь бүтцийг бий болгохыг уриаллаа.




Тэгвэл МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин хэлсэн үгэндээ, “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд төр, засгаас хэрэгжүүлэх томоохон төслүүдэд бизнес эрхлэгч нар, ТОП-100 ААН-ийг оролцуулах,  хөрөнгө оруулалтын хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох, төрийн бодлого, шийдвэрийг тогтвортой хэрэгжүүлэхийг Засгийн газарт уриалав. ТОП-100 ААН-ийн эхний 10 компанид:

  • "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ,
  • "Оюу толгой" ХХК,
  • "Эрдэнэс таван толгой" ХК,
  • ХААН банк,
  • Голомт банк,
  • УБТЗ,
  • ХХБ,
  • Төрийн банк,
  • НИК,
  • “Энержи ресурс” тодорлоо.



ТОП-100 ААН-үүдийг салбараар нь авч үзвэл:

  • худалдаа үйлчилгээний 29,
  • уул уурхай, олборлох үйлдвэрлэлийн салбарын 22,
  • хүнсний үйлдвэрлэлийн 9,
  • харилцаа холбооны 8,
  • газрын тосны хангамжийн 8,
  • банк санхүүгийн 6,
  • хүнд үйлдвэрийн 6,
  • барилга, замын салбарын 5,
  • цахилгаан, дулааны үйлдвэрлэл, усан хангамжийн 3,
  •  тээвэр ложистикийн 3,
  • хөнгөн үйлдвэрийн 1 компани эрэмбэлэгджээ.

Энэ удаа 18 компани ТОП-100 аж ахуйн нэгжийн жагсаалтад шинээр орж ирсэн байна. Ёслолын үеэр СЗХ ТОП 100 ААН-д бонд гаргахад нь дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв. Ёслолд ХНХ-ын сайд А.Ариунзаяа, Монголбанкны ерөнхийлгөгч Б.Лхагвасүрэн, МҮХАҮТ-ын удирдлага, Санхүүгийн зохицуулах хорооны дэд дарга Т.Цэрэнбадрал нар оролцов.        






ТОП-100 ААН-ийг эрэмбэлэхдээ Сангийн яам, Татварын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Үндэсний статистикийн хорооны албан ёсны мэдээ, тайлан, тоон үзүүлэлтэд тулгуурлан ААН-ийн тухайн жилийн орлого, улсын төсөвт оруулсан татвар, нийгмийн даатгал төлсөн ажиллагсдын тоо, ашиг, хөрөнгийн хэмжээ гэсэн үндсэн 5 үзүүлэлтэд тулгуурлан тодруулдаг юм.  






Холбоотой мэдээ