Уулын дугуйн улсын аварга шалгаруулах тэмцээнд 95 тамирчин хурд хүчээ сорин өрсөлдөв

ОРОН НУТАГТ | Сүхбаатар
odonchimeg@montsame.mn
2022-05-23 11:55:48

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Өнгөрсөн амралтын өдрүүдэд тус аймагт 2022 оны өсвөр үе, залуучуудын уулын дугуйн улсын аварга шалгаруулах тэмцээн боллоо. Энэхүү тэмцээн нь Сүхбаатар аймаг байгуулсны 80 жилийн ойн хүрээнд, спортын мастер Ш.Энх-Амарын нэрэмжит болсноороо онцлог. Тэмцээнд долоон аймаг, 11 байгууллага, клубийн 95 тамирчин оролцож, хурд хүчээ сорин өрсөлдөв.

Ш.Энх-Амар нь 1994 онд Монгол Улсынхаа торгон хилийг 194 хоног дугуйгаар тойрч байсан гарамгай аялагч юм. Аймгийн хэмжээнд дугуйн спортоор хичээллэх хүүхдүүд болон сонирхогч насанд хүрэгчдийн тоо жилээс жилд нэмэгдэж байгаад түүний оруулсан хувь нэмэр их гэдгийг холбогдох албаны хүмүүс онцолж байлаа.  

Тэмцээн кросс болон марафон гэсэн хоёр төрөлд дөрвөн насны ангиллаар зохиосон бөгөөд Сүхбаатар аймгийн ЗДТГ, Монголын дугуйн холбоо, аймгийн БТСГ, Шилийн богд дугуйн клуб, "Алтон монголио" брэнд хамтран зохион байгуулсан юм.  

Монголын дугуйн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга ОУХМ З.Наран хэлэхдээ Сүхбаатар аймагт 2018 онд засмал замын УАШТ болж байсан. Энэ удаагийн тэмцээнийг маш сайхан зохион байгуулж дугуйн спортыг дэмжиж, сурталчлах ажилд ихээхэн хувь нэмрээ оруулж байгаа Сүхбаатарынханд баярлалаа. Дэлхийн аварга хүүг төрүүлсэн энэ нутгаас дахин тив дэлхий, олимпын олон олон аварга төрнө гэдэгт итгэлтэй байна гэв. 

Холбоотой мэдээ