Ерөнхийлөгчийн зарлигийг цэргийн болон хууль сахиулахын алба хаагчид манлайлан хэрэгжүүлж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2022-05-23 15:01:46

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвд болж буй Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн нэрэмжит марш-тусгай бэлтгэлийн цогцолбор тэмцээний нээлт өчигдөр болж Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар оролцлоо.


Уг тэмцээнийг 2007 оноос төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын дунд уламжлал болгон зохион байгуулж буй юм. Улсынхаа тусгаар тогтнол бүрэн бүтэн байдлыг батлан хамгаалах, нийгмийг аюулаас сэргийлэх хариуцлагатай үүрэг хүлээсэн алба хаагчдын бие бялдрын бэлтгэл, бэлэн байдлын зэргийг дээшлүүлэх, үүрэг гүйцэтгэх чадавхыг нэмэхэд энэ тэмцээн чухал ач холбогдолтойг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар хэлэв.


Мөн Ерөнхийлөгчийн монгол хүний бие бялдрын хөгжлийг сайжруулах, дундаж наслалтыг нэмэгдүүлэх, нийтээрээ эрүүл чийрэг байх, хүүхэд, залуучуудыг биеийн тамир, спортоор дамжуулан хүмүүжүүлэх, хорт зуршлаас ангид байлгах зорилт бүхий “Нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх тухай” зарлигийг төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын алба хаагчид манлайлан хэрэгжүүлж байгааг тэмдэглэв.


Тэмцээнд төрийн цэргийн болон хууль сахиулах 12 байгууллагын 800 гаруй алба хаагч оролцож байгаа бөгөөд аварга баг тамирчид энэ сарын 24-нид тодорно.


Баг тамирчид гарааны өмнөх ажиллагаа, гардан тулаан, жагсаалын үзүүлэх тоглолт, норматив бэлтгэл зэргээ шалгуулах бөгөөд обьектыг чөлөөлөх, гранат шидэх, буудлагын шинэ төхөөрөмжүүдийг ашиглах төрлийг энэ удаагийн тэмцээнд нэмэлтээр оруулжээ.

Холбоотой мэдээ