Монгол, Израилын Гадаад хэргийн яамны VI Улс төрийн зөвлөлдөх уулзалт болов

Монголын мэдээ | ГХЯ-ны мэдээ
ariunbold@montsame.gov.mn
2022-05-25 18:27:06

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Гадаад харилцааны яам, Израил Улсын Гадаад хэргийн яамны VI Улс төрийн зөвлөлдөх уулзалт өнөөдөр Йерусалим хотноо болов.


Зөвлөлдөх уулзалтыг монголын талаас Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр, израилийн талаас Гадаад хэргийн яамны Ази, Номхон далайн орнуудын газрын Ерөнхий захирлын орлогч Рафаэль Харпаз нар тэргүүлэв.


Зөвлөлдөх уулзалтын үеэр талууд Монгол, Израилийн улс төр, эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны талаар санал солилцож, хоёр улсын худалдаа, эдийн засгийн харилцааг идэвхжүүлэхийн төлөө байгаагаа харилцан нотоллоо. Энэ хүрээнд талууд хоёр талын хамтын ажиллагааг инновац, кибер аюулгүй байдал, боловсрол, соёл, хүнс, хөдөө аж ахуй, байгаль орчин зэрэг салбарт өргөжүүлэн хөгжүүлэх боломж бололцооны талаар ярилцав. Мөн НҮБ болон олон улс, бүс нутгийн бусад байгууллагын хүрээн дэх хамтын ажиллагаагаа бэхжүүлэхийн зэрэгцээ, олон улсад өрнөж буй цаг үеийн болон харилцан сонирхсон бусад асуудлаар санал солилцов.


​Монгол, Израилийн ГХЯ-д хоорондын ээлжит зөвлөлдөх уулзалтын үеэр “Соёл, шинжлэх ухаан, спортын салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Израил Улсын Засгийн газар хоорондын 2022-2025 оны хөтөлбөр” болон “Кибер аюулгүй байдлын салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Цахим хөгжил, харилцаа холбооны яам болон Израил Улсын Үндэсний удирдах газар хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”-т гарын үсэг зурав.

Холбоотой мэдээ