Чехэд Монголын 11 мянган иргэн албан ёсны зөвшөөрөлтэй амьдарч байна

Монголын мэдээ | ГХЯ-ны мэдээ
ariunbold@montsame.gov.mn
2022-05-25 18:29:28

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Бүгд Найрамдах Чех Улсын Гадаад хэргийн сайд Ян Липавский Монгол Улсаас Чех Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Гансүхийг хүлээн авч уулзав.


Уулзалтын үеэр Элчин сайд Д.Гансүх Гадаад хэргийн сайд Я.Липавскийг Монгол Улсад айлчлах урилгатайг нь дахин нотолж, хоёр орны найрсаг харилцаа, хамтын ажиллагааг бүхий л салбарт гүнзгийрүүлэх, тэр дундаа эдийн засгийн агуулгаар баяжуулахын төлөө ажиллахаа илэрхийлэв. Мөн хоёр орны харилцаанд иргэдийн харилцаа чухлыг онцлоод Чехэд албан ёсоор оршин сууж байгаа манай иргэдийн үр хүүхдүүд нь ирээдүйд харилцааны гүүр болно гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв. Чехэд эдүгээ манай 11 мянга гаруй иргэн албан ёсны зөвшөөрөлтэй амьдарч байна.


Гадаад хэргийн сайд Я.Липавский Чех, Монголын хамтын ажиллагаа амжилттай хөгжиж ирснийг дурдаж, тахийг эх нутагт нь эргэн нутагшуулах төсөл, Европын Холбооны санхүүжилтээр Чехийн Менделийн Их сургуулийн удирдлага дор Монголд хэрэгжүүлж буй ойн төсөл зэрэг нь хамтын ажиллагаанд чухал хувь нэмэр оруулж байгааг тэмдэглээд хоёр улсын боловсрол, шинжлэх ухааны салбарын хэлэлцээрийн хэрэгжилтийг эрчимжүүлж ажиллахын чухлыг онцлов.

Холбоотой мэдээ